УИХ-ын гишүүн Д.Гантулга Москвад “бүгж” байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Тэрбээр энэ сарын 17-ны өдөр Н.Учрал тэргүүтэй гишүүдийн хамт ХБНГУ-ыг зорьж, зургаа хоногийн албан томилолтын хугацаа нь дууссан ч эх орондоо ирээгүй байгаа юм.
Гуравдугаар сарын 24-ний өдөр Д.Гантулгыг эх орондоо ирэнгүүт нь баривчлах тухай мэдээлэл гарч байсантай холбоотойгоор тэрээр Шерметевогийн нисэх онгоцны буудалд үлдсэн гэх мэдээлэл байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Монголд байгаа, хилээр ерөөсөө гараагүй гэсэн мэдээлэл цацагдсан ч албаныхан үгүйсгэдэг. Түүнийг албан томилолтоор Герман явах үеэр АТГ-ынхан саатуулах гээд чадаагүй, үнэн хэрэгтээ АТГ-аас Д.Гантулгад яллах тогтоолыг нь танилцуулах гээд “аргаа барж” байгаа гэхэд хилсдэхгүй.
Эдүгээ УИХ-ын гишүүн Д.Гантулгад мөрдөн шалгалтын ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан гэсэн хэрэг нэмэгдэж буйг эх сурвалж хэлж байна. Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Амарсанаа хянаж буй бөгөөд хүчиндэх гэх хэргийг нь шалгаж буй Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч н.Ууганбаяр, шинжээч нартай холбоотой хэргийг нь шалгаж буй Авлигатай тэмцэх газрын комиссар н.Тамир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Авлигатай тэмцэх газарт байрлан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй юм.
Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхлэх үеэр Д.Гантулга гишүүн эх орондоо ирэхээр төлөвлөж буй гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн лхагва гаригт түүнд холбогдох хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн зөвлөлдөөд, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг саатуулах саналаа прокурорт гаргажээ. Прокурор энэ саналаа шүүхэд гаргаж, шүүгч саатуулах шийдвэр гаргавал УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд нь нөлөөлөхгүй бололтой.
Хэдийгээр халдашгүй байдлын тухай зохицуулалт (6.9)-ыг хуулиас авч хаяснаар асуудал тодорхойгүй болсон ч Д.Гантулга гишүүнийг баривчлахад ямар нэгэн саад тотгор учрахгүй аж.
МАН-ын хувьд Д.Гантулга гишүүнийг буцааж татахгүй бол байдал хэцүүдэх тул улс төрийн шийдвэр гаргаад буй мэдээллийг намынх нь гишүүн өгч байна. Үүнтэй холбоотойгоор бусад намуудад ч хөдөлгөөн орж, хэдхэн хоногийн өмнө Хэнтийн 42 дугаар тойрог дээр МАХН-ынхан очиж ажиллаад иржээ.
+ There are no comments
Add yours