Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр “Монголын эдийн засгийн чуулга уулзалтын эхний үе шат болох Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор хуран цугласан Та бүхэнд ирж байгаа хавар цагийн энэ сайхан өглөөний мэндийг хүргэе.
Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ.
Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн голлох салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган хэрэгжүүлж ирсэн.
Өнөөдөр зохион байгуулж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтаар Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Татварын багц хуулийн шинэчлэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, зөвлөлдөхөөр энд хуран цуглаад байна.
Эрхэм нөхөд өө,
Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулъя.
2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.
Үүний улмаас Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам.доллар, Дим сам бондын 161.7 сая ам.доллар, мөн төгрөг-юаны своп зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл тулгараад байсан юм.
Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан.
Ийм учраас Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байгааг дараахь статистик үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Үүнд:
· Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд 5.1 хувьд хүрч өслөө.
· Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа.
· 2017 онд экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ.
· Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин буурууллаа.
· Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч,хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ.
· Гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
· Валютын нөөц нэмэгдсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг бүрдүүлж,
· Манай улсын өрхийн бодит орлого сүүлийн дөрвөн улирал дараалан өсч, өрхийн бодит зарлага гурван улирал дараалан нэмэгдсэн байна.
· Сүүлийн хэдэн жил тасралтгүй өсч байсан ам.долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангарууллаа.
· Эдгээрийн үр дүнд эдийн засгийн төлөв сайжирч, тогтвортой байдал руу шилжиж байна.
Олон улсын судалгааны байгууллагаас гаргадаг Монгол Улсын бизнес эрхлэлтийн итгэлцлийн үзүүлэлт 2016 онд 30 нэгжид хүрч ихээхэн тааруу байсан бол 2018 оны гуравдугаар сарын байдлаар 51,8 нэгжид хүрч тогтвортой өсөн нэмэгдэж байгаа нь манай бизнес, эдийн засгийн орчин сайжирч байгаагийн бас нэгэн нотолгоо болж байна.
Эрхэм нөхөд өө,
Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах ёстой.
Үүний тулд УИХ-аас баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн зам хөтөлбөр” зэрэг бодлого, зорилтот хөтөлбөрт нийцүүлэн оюун санаа, эдийн засаг, төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сард батлан хэрэгжүүлж байна.
Үүнээс эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхэд манай Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна. Эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулахад хүн амаа эрүүл хүнс, түлш шатахуун, эрчим хүчээр бүрэн хангаж, улс орноо гадаад өрийн дарамтаас гаргах нь нэн тэргүүний зорилт юм.
Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхамыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.
Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь туйлаас чухал байна.
Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ.
Төрийн шинэчлэлийн хүрээнд шударга ёс, сахилга, хариуцлагатай төрийн тогтолцоог бэхжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг эрчимжүүлэн, иргэдээ ажлын байраар хангаж, амьдралын чанарыг сайжруулна.
Зөв засаглалыг төлөвшүүлэх гол үндэс нь “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Төрийн албаны ёс зүйтэй, шударга, ил тод байдал” хэмээн үзэж, төрийн хяналтыг сайжруулан, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай байх зарчмыг чанд мөрдүүлж ажиллана.
Түүнчлэн Хүн төвтэй нийгмийг бий болгох зорилгоор хүн амын эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж, үйлчилгээг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг дэмжинэ.
Улмаар боловсролын тогтолцоог уян хатан болгож, монгол хүний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх замаар үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлнэ.
Энэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Засгийн газраас баримталж буй төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдаж, цаашид төсөв, зээл, тусламжийн бодлогыг чиглүүлэгч гол суурь нөхцөл байх болно.
Засгийн газар бодлогоо боловсруулан гаргадаг ч хэрэгжилт тааруу, хяналт сул байна гэж иргэд, олон нийт шүүмжилдэг. Иймээс “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар онцгой үүрэгтэйгээр манлайлан ажиллах болно” гэлээ.
+ There are no comments
Add yours