Ардчилсан намаас өнөөдөр Оюутолгойн гэрээ байгуулсан асуудлын хүрээнд С.Баяр, С.Баярцогт нартай холбогдуулан холбогдох шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлага хүргүүлэх асуудлаар АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, тодорхой шийдэлд хүрсэн байна. Улс төрийн зөвлөлөөс УИХ, Засгийн газарт уг асуудлаар шаардлага хүргүүлэхээс гадна С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрт хүрсэн талаараа мэдээллийн үеэр онцоллоо.
Шаардлагад, “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр тогтоогдвол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан Нам үзэж байна.
С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар АН-аас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсч болзошгүй юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монгол улс төрчидтэй холбоотой офФшор данс авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон, цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан Нам хариуцлагатайгаар шаардаж байна” гэж дурджээ.
+ There are no comments
Add yours