Дорнод аймагт ихэр ботго төржээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго төржээ. Тиймээс төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулах юм байна.

Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Улсын сайн малчин Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрчээ. Тэрээр одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байгаа ажээ. Тэднийх нийт 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог гэнэ. Харин энэ хавар ихэр ботго гарсан нь түүнийг төдийгүй дорнодчуудын магнайг ийнхүү тэнийлгэжээ. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчны хотонд очин хүндэтгэл үзүүлж, “Мөнгөн буйл”, өргөмжлөл гардуулсан байна.

Х.Мөнхболдын аав Монгол Улсын Монголын радиогийн сурвалжлагч, ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Хэрээ Дорнод аймгийн тэмээн сүргийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн хүн ажээ. Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны хоёрдугаар сард Цагаан-Овоо сумын “Галуут” нэгдлийн малчин Б.Цэвээндоржийн тэмээний суурьт улаагчин ингэнээс ихэр ботго төрж байжээ.

 

 

 

+ There are no comments

Add yours