2017 онд Японд цагаачлахыг хүсэгчдийн тоо бараг 20,000 болж, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.
Гэвч энэ олон горилогчоос ердөө 20 хүнд оршин суух эрх олгосон тухай Японы засгийн газар өчигдөр мэдээлсэн байна. Хэдийгээр хүн ам нь хөгширч, ажиллах хүчний хомсдолд орж байгаа ч гадаадаас цагаач хүлээж авахдаа тус улсын эрх баригчид тун хойрго ханддаг. Энэ байдлыг нь олон улсын байгууллагууд байнга шүүмжилдэг юм.
Өнгөрсөн онд цагаачлах хүсэлт гаргасан 19,628 хүний дөрөний нэг нь Филиппинчүүд, дараа нь Вьетнам, Шри Ланкын иргэд тоогоороо удаалжээ.
Харин оршин суух эрх авсан 20 хүний 5 нь Египет, 5 нь Сири, 2 Афганистаны иргэн байсныг зарласан байна. Үлдсэн хүмүүсийн хаанаас ирснийг зарлалгүй нууцалжээ. Энэ нь тэдний хэн болох нь хялбар танигдана гэж болгоомжилсных гэж хэвлэлүүд мэдээлж байна.
“Хорин хүн гэдэг хэтэрхий цөөхөн байна. Бидний туршлагаас харвал илүү олон хүн хүлээж авах боломжтой” гэж Японы Цагаачдын Холбооны төлөөлөгч Эри Ишикава хэвлэлд шүүмжлэн ярьжээ. 2016 онд Япон улс 28 цагаач хүлээж авсан юм.
+ There are no comments
Add yours