Friday, March 29 2024

Ерөнхийлөгч Дундговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулан, орон нутгийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Энэ нутаг нь дуу хуур, гүүний айраг, хонины махны амт, чанараараа улсдаа тэргүүлдэг ч аймгуудын өрсөлдөх чадварын индекс, тэр дундаа эдийн засгийн чадамж, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж зэрэг үзүүлэлтүүдээрээ бусад аймгуудаас сүүлд орсон байна. Мөн Дундговь аймгийн зарим сумдад шүлхий өвчин гарсан учраас амт чанартай гэдэг махны борлуулалт нь ойрын ирээдүйд буурч, малчдын орлого буурах эсэхэд малчин өрхүүд нь санаа зовж эхэлжээ.

Мөн Дундговь аймгийн иргэн “Дундговь аймаг мал, малчин хоёрынхоо хүчинд л идэх хоол, өмсөх хувцастай яваа. Тэд байхгүй бол төрийн захиргаа, үйлчилгээ хумигдаж, аж ахуйн нэгжүүд цөөрнө. Нүүдлийн мал, аж ахуй манай аймгийн эдийн засгийн гол тулгаар байдаг. Гэтэл мал, малчин руу чиглэсэн бодлого алга. Дундговь аймаг халуун зунаар цэцэг өвчиндөө баригдсан. Одоо шүлхий өвчиндөө баригдаад долоон сум шүлхийтэй байна. Гэвч, вакцин алга байна шүү. Мөн хөл хорионоос болж шатахууны нийлүүлэлт зогссон нь малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Манай аймгийн мах амт, чанараараа бренд болж, малын ууц Улаанбаатарт маш өргөн хүрээнд, үнэтэй зарагддаг байсан. Гэтэл өвчин гарчихлаа. Малын мах, түүхий эдийн бүтээгдэхүүний борлуулалт буурна. Энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, өгөөч гэж хүсмээр байна” гэв.

Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Батбилэг “Монгол Улсад хариуцлага гэж зүйл байхгүй боллоо шүү. УИХ-ын индэр дээр Ерөнхий сайд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүнтэйгээ маргалдаж, нэгнээ “хулгайч” гэж дуудаж байна. Бүр “намын хөрөнгийг идсэн, нүүрсний хулгайч” гэж хоорондоо баримттай хэрэлдэж байна. Монголын ард түмэн бүгдээрээ сонсоод сууж байгаа шүү дээ. Гэтэл ямар ч хариуцлага алга. Мөн сая Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх гэж гаднаас 800 сая ам.доллар босгосон. Үлдсэн 300 сая ам.доллар нь хаана байгаа вэ, тэр мөнгөөр юу хийж байгаа юм бэ гэдэгт хяналт тавимаар байна” гэлээ.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: