Дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай гэв үү

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 11-нд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж найман багц саналыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад хүргүүлсэн. Нийслэлийн удирдлагууд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлсэн саналуудыг хуулийн төсөлд  тусгах боломжтой саналуудыг солилцжээ.

Энэ үеэр нийслэлийн удирдлагууд  хуулийн төслийн ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан найман багц саналын долоон саналыг хуулийн төсөлд тусгаж, санал хураалгахад бэлэн болсон гэдгийг танилцууллаа. Уулзалтын үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийслэлийн удирдлагуудын статусыг,  нийслэлийн хөрөнгийн асуудал болоод дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатайг дурьдлаа.

С.Саран

 

+ There are no comments

Add yours