“Эрдэнэт Үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн маргаантай холбоотойгоор тус үйлдвэр санхүүгийн битүүмжлэлд ороод байна.
“Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн нэгдүгээр сард Эрдэнэт хотноо болсон Эдийн засгийн чуулганы үеэр “…Биднээс хамаарахгүй, эрсдэл үүсгэж байгаа нэг асуудал бол Стандарт банктай 10-аад жилийн өмнө холбогдсон асуудал. Английн хатан хааны дэргэдэх шүүхээс шийдвэр гарчихсан асуудал бий. Үүнийг бид холбогдох албаныханд танилцуулна” гэж байв.
Энэ нь алдарт “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Английн “Стандарт” банкнаас авсан нийт 140 сая ам.долларын зээлийн маргаан юм. Монголын Засгийн газар шүүх хурлын эхнийхээс бусдад нь ялагдал хүлээж хамгийн сүүлийнх нь оны өмнө болжээ. Арбитрын маргаанд ялагдаад байгаа талаарх асуудлыг Хууль зүй, Дотоод хэргийн яам шалгаж нягталж байгаа бөгөөд тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хариуцан ажиллаж байна.
Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Эрдэнэт Үйлдвэр”-ийн гадаад банкны данс, худалдаа хийх эрхийг олон улсад хаагаад байгаа аж. Түүнээс үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон зүйлгүй юм байна. Гэхдээ гадаад данснуудыг хааснаар үйлдвэр ямар ч орлогогүй болох эрсдэлд хүрээд байгаа гэнэ.
Ямар ч байсан төр засгийнхан хувийн хэвшлийн ОХУ-аас худалдаж авсан 49 хувийг төрийнх болгох гэж байх хойгуур жинхэнээсээ төрийн мэдлийн 51 хувийн маргаанаас үүдэж Монголын “саалийн үнээ”-г орлогогүй болгоход хүргээд байна.
+ There are no comments
Add yours