Зэрлэг амьтадын хашгираан

Сүүлийн өдрүүдэд 40 хэм хүрч хүйтэрч байгаа нь зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлж буй талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн цахим хуудаст мэдээлжээ. Өнгөрсөн зун өвс муу ургасан, оны эхээр цас их орсон нь бүр ч нэрмээс болж монгол бөхөн, хар сүүлтий зэрэг зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд ороод байгаа аж.

Хэдийгээр  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд био техникийн арга хэмжээ авч тодорхой газруудад  өвс, хужир, тэжээл тавьж байгаа ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө зэрлэг амьтад аргагүй хүчин мөхөстөж байна.

Бөхөн хамгаалах сүлжээ багийн гишүүдийн мэдээллээр сүүлийн өдрүүдэд үхсэн бөхөн, хар сүүлтий цөөнгүй тааралдах болжээ. Бөхөнгийн тархац нутгуудаар их хүйтэрч байна. Цас их орсон, зэрлэг амьтад идэх  өвсгүй байгаагаас байдал хүндэрч эхэллээ. Бид байгаль хамгаалагчдаасаа цаг алдалгүй мэдээлэл авч байгаа. Өчигдөр л гэхэд Хүйсийн говьд таван бөхөн үхсэн байна.

Ховдын Дарвийн нутагт ч дөрвөн бөхөн үхсэн тухай мэдээлэл ирсэн. Бас хар сүүлт олноорооо үхэж байна. Өргөн уудам нутаг учир өөр хаана, хэдээрээ үхсэнийг бид тодорхой мэдэхгүй шүү дээ. Хэдийгээр ирэх долоо хоногоос дулаарна гэж байгаа ч өвсгүй учраас монгол бөхөн зэрэг туруутнууд энэ өвөл тэсч үлдэнэ гэдэг эгзэгтэй, байдал маш хэцүү болжээ.

Нөхцөл байдал ийм болсон тул Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар холбогдох талуудтай хамтран  зэрлэг амьтдад зориулж өвс, тэжээл тавих ажлыг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хийхээр болжээ.

Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж, 2014 оны байдлаар тоо толгой 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой эрс буурч, 2017 оны гуравдугаар сарын тооллогоор ердөө 5000 орчим монгол бөхөн үлдээд байгаа аж.

ТУЯА

+ There are no comments

Add yours