ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ БУУРАХ ТӨЛӨВГҮЙ БАЙНА

Монголбанкны Судалгаа статистикийн газрын мэдээллээр Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 2017 оны эцсийн байдлаар 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Харин 2017 оны гуравдугаар улирлын байдлаар улсын нийт гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. ААН-үүд болон банкуудын гадаад зээл өнгөрсөн оны мөн үеэс буурсан бол Засгийн газар, Төв банкны гадаад эх үүсвэрээс авсан зээлийн хэмжээ өссөн байна.

Өнгөрсөн онд арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид 13.4 их наядын зээл олгосон аж. Төрлөөр нь авч үзвэл зээлийн 21 хувийг цалин, тэтгэврийн, 14 хувийг үл хөдлөх хөрөнгийн, 13 хувийг жижиглэн болон бөөний худалдааны, 10 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн, 9 хувийг барилгын, 8 хувийг уул уурхайн зээл эзэлсэн байна.Чанаргүй зээлийн үзүүлэлт 8.5 хувь бол хугацаа хэтэрсэн зээл 6.1 хувьтай гарчээ.

Ингэхдээ хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл буурах төлөв ажиглагдаж эхэлжээ. Энэ нь иргэд ажилтай, орлоготой болж банкнаас авсан зээлээ төлж эхэлсэнтэй холбоотой юм. Харин чанаргүй зээлийн хэмжээ буурах төлөв тод ажиглагдаагүй нь эдийн засгийн сэргэлт уул уурхай, үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа гэсэн хэдхэн салбарт хамаарч байгаатай холбоотой гэж төв банкны холбогдох албан тушаалтан хэлэв. Зээлийн хүү дундаж нь төгрөгөөр 18.8 хувьтай бол валютынх 11.6 хувьтай гарсан байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours