Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын өмнөд Гёнсан мужийн Мирян хотын эмнэлэгт гарсан түймрийн улмаас 41 хүний амь үрэгдээд байна.
Ихэнх хохирогчид нь тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан ахмадууд тул зугтаж чадалгүй түймэрт өртжээ. Мөн нэг эмч, хоёр сувилагч тэдний дунд байсныг галын албаныхан мэдээлсэн байна.
Одоогоор 18 хүний бие хүнд байдалтай байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Мөн 113 хүн хөнгөн түлэгджээ. Цагдаа нар галын учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр санаатай гал тавьсан шинж илрээгүй гэнэ.
Өглөөний 7:30 цагийн үед нэг давхрын хүлээн авах өрөөний арын хэсэгт гал гарчээ. Сувилагч нарын хувцасны өрөөнөөс анх утаа гарч эхэлснийг мөрдөгчид гэрчүүдийн мэдүүлгээс олж тогтоогоод байна. Гал гарах үед эмнэлэгт 194 өвчтөн хэвтэж байжээ. Түймэрийн асуудлыг хэлэлцэхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин шуурхай хурал зохион байгуулсан байна.
Өнгөрсөн сард Жэчён хотын спорт цогцолборт гал түймэр гарахад 29 хүн амиа алдаж, 40 хүн түлэгдсэн юм. Тиймээс өнөөдрийн түймэр нь тус улсын хувьд богино хугацаанд дараалан гарсан хоёр дахь галын хэрэг болж байна.
+ There are no comments
Add yours