Tuesday, December 10 2024

Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа Хэнтий аймгийн Чингис хотоос эхлүүллээ.Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба нар угтан, Аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх Чингисийн талбайд “Чингис” цэргийн хүрээ жагсаж, хүндэтгэн угтсан байна.

Ууган дөрвөн аймгийн нэгд тооцогддог Хэнтий аймгийн хүн ам 2017 оны эцэст 76 мянга гаруй болж нэмэгдсэн бөгөөд 50.5 хувь нь эрэгтэйчүүд юм байна. Мөн тус аймгийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 800 орчим хүн ажил хайж бүртгүүлсэн байгаагийн 52.3 хувь нь 15-35 хүртэлх насны залуус гэв. Хэнтий аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүд нь 144.1 тэрбум төгрөгийн өртэй, түүнээс чанаргүй зээлийн хэмжээ нь хоёр тэрбум, 10 сая төгрөгт хүрсэн байна. Арилжааны дөрвөн банк тус аймгийн иргэдэд 50 гаруй нэр төрлийн зээлийг 5-36 хувийн хүүтэй олгож байгаа статистик гарчээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд 2017-2018 оны өвөл 18 сумын 88 багийн 7.2 мянган малчин өрх 4.8 сая малтай, хонин толгойд шилжүүлснээр 8.2 сая толгой мал өвөлжиж байна. Мөн отроор гадны нийт зургаан аймгийн 102 өрхийн 93375 толгой мал өвөлжиж байгаа юм байна. Он гарсаар 38 хэм хүртэл хүйтэрч байгаа тул малын хэвтэр хөлдөх, хээл хаях явдал ихсэж, өнөөдрийн байдлаар 215 үхэр, 562 хонь, 641 ямаа  нийт 1478 толгой мал хорогджээ.

Эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй “Хан Хэнтий” чуулгын байранд уулзлаа.

Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:“Хэнтий нутгийн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сонгуулиас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Ерөнхийлөгчийн хувиар анхныхаа уулзалтыг Хэнтий нутгийн зон олон та бүхэнтэй хийж байна. Та бүхэн санаж байгаа байх, сонгуулийнхаа анхны уулзалтыг мөн Хан Хэнтий нутагт хийж байлаа. Би энд ирэхээсээ өмнө Улаанбаатар хотын долоон дүүргийн иргэдтэй уулзсан. Ард түмний амьдрал ямар байна, төр засгаас, УИХ-аас юу хүсэж байна вэ, гэдэг талаас нь уулзаж, ярилцсан. Орон нутагт ч гэсэн адилхан иргэдээ сонсоно” гээд уулзалтыг эхлүүллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа Хэнтий аймгаас эхэллээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн иргэн Төмөртогоо “Сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд ард түмэнтэйгээ амь нэг, эв нэгдлийг илэрхийлсэн Ерөнхийлөгч байгаарай гэж хүсэж байна. Иргэдийн өр, зээл дарах асуудлыг та ярьж байгаа. Нэгэн зэрэг бүх өрийг дарахад эдийн засгийн нөхцөл байдал хүнд гэдэг нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ 300 мянган төгрөгийн тэтгэвэр авагчдын дийлэнх нь өр зээлтэй байгаа. Тэр дундаа 24-36 сарын зээлтэй ахмадууд 500 мянгаас доош төгрөгийн зээлтэй байдаг юм. Хөгшид энэ зээлийг өөрсдөө тансаглах гэж биш ач, зээ нарынхаа утасны төлбөрийг төлөх гэж, үр хүүхдээ хүний дайтай орон байртай болгох гэж л авдаг.  Тиймээс та бүрэн эрхийнхээ хугацаанд 500 мянгаас доош төгрөгийн зээл авдаг ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх боломж байна уу, гэдгийг танаас хүсмээр байна” гэв.

+ There are no comments

Add yours

You May Also Like: