Өнгөрсөн оны долоодугаар сарын 16-ны 12.00 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унасан осол гарсан. Жижиг тэрэг дотор нэг гэр бүлийн таван хүн байсан бөгөөд тухайн үед гэрийн эзэн Б.Мөнхбаатар хүүхдүүдээ агаар салхинд гаргах зорилгоор гэр бүлээрээ явж байсан байдаг. Азаар 103-ийн эмч залуу ойролцоо явж байсан тул яаралтай очиж ухаан алдсан гэр бүлийн гишүүдэд анхны тусламж үзүүлсэн юм.
Эл ослын шалгалтын ажиллагаа зургаан сар үргэлжилсэн бөгөөд энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн байна.
Тодруулбал иргэн Б.Мөнхбаатар хохиролын мөнгө гэж 38 сая төгрөг нэхэмжилснээс чингэлэгтэй машины жолооч 30 сая төгрөгийг нь өгсөн байна. Улмаар “шоронд ормооргүй байна, шүүхэд гомдолгүй гэж хэлээд өгөөч” гэж гуйсан тул шүүх хурлын өмнөх орой гомдолгүй гэж тохиролцож гарын үсэг зуржээ.
Харин шүүх хурлаар хохирогч тал гомдолгүй гэсэн учраас чингэлэгтэй машины жолоочид хоёр жилийн тэнсэн харгалзах ял, 1.2 жилийн жолооны эрхийг нь хасах шийдвэр гаргажээ. Улмаар Б.Мөнхбаатарын гэр бүлийг жолоочийн талаас 11 сая төгрөг илүү нэхэмжилсэн байна гэж үзэж, тэр мөнгийг гаргаж өгөх шийдвэр гарчээ. Тиймээс гэр бүлээрээ эрүүл мэндээрээ хохирчихоод буруутай этгээдэд 11 сая төгрөг өгөх шийдвэр гарсанд гомдолтой байгаа юм байна. Улмаар давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахаар болжээ.
+ There are no comments
Add yours