Бүр нэг ингэж асуумаар санагдчихлаа. 672 тэрбум төгрөг хэрхэн үрэн таран хийж, үрчийж байгаад хувааж халааслах төлөвлөгөөг чинь сонслоо. Хэнийг хуурах гээд хэний хуруу хүүхэлдэй болоод явааг чинь ойлгомоор байна. За одоо тэгээд энэ дуусдаггүй үлгэр, төгсдөггүй шахаанд чинь хууртлаа юу? Монгол түмний элэг доог болж ханаагүй юу, зуухны наймаачид аа. Энэ өвлийн шинэ үлгэрийн зохиолоос иш татчих уу? Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний сан хэмээгчийн нэрээр хийх гэж буй наймаа дэндүү инээдтэй. Тавантолгойн уурхайгаас Улаанбаатар руу нүүрс зөөх юм гэнэ. Үүний тулд Өмнөговиос Чойр хүртэл 500 км бетон хучилттай замыг 650 тэрбум төгрөгөөр тавина гэж байгаа. Чойрт нүүрсний тээврийн сүлжээ барихад 4,2 тэрбумыг үгүй хийнэ. Чойроос Улаанбаатар руу вагоноор нүүрсээ зөөх юм гэсэн. Нунтаг нүүрсээ амьдрал шиг хатуу, хүүхдийн нусан бөмбөлөг шиг бөөрөнхий болгохын тулд нүүрс боловсруулах үйлдвэрүүдэд 3,0 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс суйлж дэмжлэг нэрээр шингээнэ. Нөгөө хатууруулсан нүүрсээ хадгалах зургаан агуулах зургаан дүүрэгт барихад 6,0 тэрбум төгрөг зарцуулна. Тэгээд эцэст нь нэг тн нүүрсийг 125 мянган төгрөгөөр иргэдэд зарна.

Энэ үлгэр шиг хөтөлбөрийн хүрээнд 2017-2021 онд нийт 43 мянган айлыг нүүрсээр хангана гоё уу? Тавантолгойн нүүрс илчлэг сайтай тул сайжруулсан зуух түгээнэ. Зорилтот бүлгийн гэх айлуудад нүүрс хүргэхэд 9,1 тэрбум…нийтдээ Цэрэнбатын яриад байгаа энэ үлгэрт 672,3 тэрбум төгрөг цацна. За одоо эргээд харъя. Өмнөх луйварчдынхаас юу нэмэгдэв? Тавантолгой, Өмнөговь, илчлэгтэй нүүрс гэх гурван үгэн дээр тоглохоос хэтэрсэнгүй. Мөнгөн дүн нь бараагүй өсч, хаяагүй сунажээ. Ёстой нөгөө гурил байдаг ч болоосой, цуйван сэгсрэх юмсан, даанч мах байхгүй гэдэгтэй адил ийм санаа хэн бодож олдог байна аа. Сар гаруйхны өмнө сайд болсон Хүрэлсүхийн багийнхны төсөл үү? Замаа тавиагүй байж зуухаа шахаад…агуулахаа бариагүй байж нүүрсээ овоолоод….Улаанбаатар наана чинь нүүрс боловсруулах үйлдвэрийн хот болох гэж байна. Больчихъё зүгээр.

Ингэхэд Цэрэнбат аа, цэр чинь цээжиндээ бөөр чинь бөгсөндөө, бөлдөг чинь өмдөндөө байгаа юу? Аль эрт алдчихаад, барьцаалсан болгоноо олж авах гэж балайраад гүйгээд байдаг болоо юу? За одоо ингээд бичихээр дагуул далдайнууд чинь Эмүжин Баттулгатай тохирчихжээ гэж зүүн чихэнд чинь шивнэх үү? Сайд аа, замаа тавиад, зуухаа тараагаад эхлэнгүүт та бол ардын баатар, дараагийн сонгуульд баараггүй ялж, бас чардайгаад Ерөнхий сайд болчихож болно гэж баруун чихэнд чинь хошгируулаад удаж байгаа юу, таны бизнес дагуулууд? С.Баярын дайчин эхлээд даржин дууссан агуулах савгүй атрын 3-р аяны үлгэр, MCS-ийн дизайн сайтай зуухны шахаа, Баттулгын 1,2 тэрбумыг төсвөөс хумсалж залгичихаад ганц ширхэг сайжруулсан түлш үйлдвэрлээгүй Төгрөг нуурын ордод түширлэсэн гэх түлшний үйлдвэрийн хулхи төслөөс ялгарах юм юу байна аа? 500 км хулхи замтай, хотоор нэг ориг гэх зуухтай үлдэж, хуучин зуухнууд урагшаа төмрийн хог руу ачигдах уу? Энэ ард түмний сүүлчийн итгэл найдвар дээр сандайлж суучихаад ингэж арай ч болохгүй байх аа. 672,3 тэрбум төгрөгөөр нийтийн байр барьж болно. Орон сууц барилаа гэхэд хэдэн зуун айл орох оронтой болчихно. Доромжлоод байгаа юм уу? Бид нүүрснээсээ яаж салах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байхад хотыг бүхлээр нь нүүрсний агуулах, уурын зуух болгох гээд зүтгэж байгааг ухралт гэхгүй өөр юу гэх юм? Орноосоо унаад тархи нь хөдөлчихсөн хүн шиг юм ярихаа боливол яасан юм бэ. Эсвэл утаанд хордоод учиргүй тэнэг болчихоо юу? Ингэхэд нүүрсийг огт утаа гаргалгүй гэрийн зууханд шатааж болно гэж бодоод, итгээд байгаа хүмүүс Шар хаданд очиж сэтгэцээ шалгуулчихвал яасан юм бэ? Тэгээд дараа нь наад үлгэр туулиа өвгөн эмгэн болтлоо хайлаад сууж бай…яасан ч шахаа нь дуусч, шалбааг нь дундардаггүй төр юм бэ дээ?

Цэр чинь цээжиндээ, бөлдөг чинь өмдөндөө байгаа юу, Цэрэнбат аа?Бүр нэг ингэж асуумаар санагдчихлаа. 672 тэрбум төгрөг…

Posted by Р. Эмүжин on Wednesday, January 17, 2018

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.