МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэврийн нас, татвар нэмэгдүүлсэн асуудлаар УИХ, Засгийн газарт мэдэгдэл, шаардлагыг хүргүүлэхээр болжээ.
Тэд Хувь хүний орлогын албан татварын хэмжээ, тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлыг Засгийн газар нийгмийн зөвшлийн талуудтай хамтран судалгаа хийж, хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулахыг шаардаж буй юм. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллана” гэж тохиролцсон. Нэмэлт хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд тэтгэврийн насны асуудал, зарим төрлийн татварын хуулийн талаарх байр сууриа Засгийн газарт хандан удаа дараа тавьсан. Гэвч Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахгүй байна. ҮЭ-ийн гишүүд, иргэдийн зүгээс татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж эхлээд байна.Иймд хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулах хэрэгтэй байна. Мөн Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байхад Засгийн газар, ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлт үзүүлсэн. Эдийн засгийн хүндрэлээс гарах боломж нээгдэж байгаа тул ОУВС-тай хийсэн хэлэлцээртээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тиймээс ойрын хугацаандаа Засгийн газар, УИХ хууль тогтоомжууддаа зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байна. Мөн өнөөдөр хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлж байна” гэв.
+ There are no comments
Add yours