Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг хуралдлаа

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох “2017 онд эрчим хүчний салбарын хэмжээнд агаарын бохирдолтой холбоотой дулаан цахилгааны техникийн боломж бололцоог нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил бүрэн хийгдэж дууссан.

2017 онд 23 мянган гэр хорооллын айл өрх 4 квт-ын чадал бүхий цахилгаан халаагуур хэрэглэх боломж бүрдсэн. 

Нийтдээ 105 халаагуурын зуухыг зогсоох ажил хийгдсэн. Таван шарын уулзвараас Дарь-Эхийн уулзвар түүнээс хойших гэр хороолол гээд нийтдээ 46 мянган айл өрхийн цахилгаан хангамжийг өргөтгөнө.  

Үүнээс бид 23 мянгыг нь хийгээд дуусчихсан. Энэ ажилд Эх нялхас, телевизийн эцэс, Дамбадаржаагын эцэс хүртэлх айл өрхүүд хамрагдах юм. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох 78 ус халаагуурын зуухны үйл ажиллагааг зогсооно.

Ус халаагуурын зуухны үйл ажиллагааг зогсоох ажил 400 орчим байгууллагуудыг хамарч байна. Үүн дотроо сургууль, цэцэрлэг төсвийн байгууллагууд 70 орчим хувийг эзлэж байна. Ийм хоёр төрлийн ажлыг хийнэ” гэлээ.

ШУА-ийн Ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл “Дулаалгыг сайжруулах замаар гэрийн дулаан алдагдлыг 2 квт хүртэл бууруулах нь ямар ч төрлийн халаалтын систем хэрэглэхээс өмнө шийдвэрлэх суурь асуудал болж байна.

Энэ тохиолдолд Улаанбаатар хотын хувьд дунджаар нэг гэрийн цахилгааны сарын зардал хоёр тарифт тоолууртай үед 118,300 төгрөг, харин шөнийн тэглэсэн тарифаар тооцвол 82,600 төгрөг болохоор байна.

Бидний зохион бүтээсэн 2 квт-ын дулааны хүчин чадалтай инновацийн шинэ бүтээгдэхүүн болох гэрийн дулааны аккумляторын үйлдвэрийг бий болгож хэрэглээнд аль болох өргөн нэвтрүүлэх бодит шаардлага байна.

Шөнө цахилгааны үнийг тэглэсэн 9 цагийн хугацаанд энэхүү аккумляторыг 36 квт орчим эрчим хүчээр цэнэглээд өдрийн 15 цагт нь гэрийг тогтмол дулаантай байлгах төдийгүй хоол ундаа бэлтгэхэд ашиглаж болох нь. Энэ нь Улаанбаатар болон Тосонцэнгэлд явуулсан туршилтаар нотлогдсон.

Мөн бүрэн автоматжсан ухаалаг зуухыг 50 айлыг хамарсан хэсэгчилсэн дэд бүтцийн төвүүдэд ашиглах асуудлыг нэг мөр яаралтай шийдэх нь чухал байна. Улаанбаатар хотын 190 мянга орчим өрхийг хамарсан 3,800 дэд бүтцийн төвд автоматжсан ухаалаг зуух ашиглавал 152 мянган тонн нүүрс хэмнэх төдийгүй агаар бохирдуулагч бодис 20 гаруй дахин буурна.

Гэрийн дулаалгын асуудлыг тасралтгүй хиймээр байна. Бүрэн шаталттай зуухыг дотооддоо хийх үйлдвэртэй болох хэрэгтэй” гэв.

+ There are no comments

Add yours