Thursday, April 18 2024

Хотын дарга Эрүүл мэндийн сайдтай уулзжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хүлээн авч уулзжээ.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан бөгөөд жилээс жилд нийслэл хотод томоохон асуудал болоод байгаа томуу, томуу төст өвчний дэгдэлт, хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн ор, эмч нарын хүрэлцээ зэрэг тулгамдаад байгаа шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудаар талууд санал бодлоо солилцлоо. Нийслэлийн зүгээс хүүхдийн орны асуудлыг боломж бололцоогоороо бүрэн шийдвэрлэж газар хүүхэд хэвтдэг байсныг шийдвэрлэсэн, зарим нэгэн эмнэлгүүд  ачааллаасаа шалтгаалан орны хүрэлцээгээ нэмэгдүүлэх ажлыг тухай бүрт нь авч хэрэгжүүлж, зарим нэгэн эмнэлгүүд ажлын өрөөгөө хүртэл хэвтэх тасаг болгон эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үе эхлээд байгаа бөгөөд нийслэлд 16,000 гаруй хүүхэд эмнэлгээр эмчлүүлсэн мэдээ байгаа юм байна. Нийслэлийн зүгээс хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт ирэх ачаалалыг багасгах, хурдан шуурхай үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд 2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс 14 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулахаар төсөвлөсөн мөн 10 өрхийн эмнэлэг шинээр барихаар төлөвлөж байгаагаа Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. Нийслэл цаашдаа ч бүтээн байгуулалтын ажилд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эмнэлгийн тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэх, эмнэлгийн чанар үйлчилгээ тэр дундаа өрхийн эмнэлгүүдийг чанаржуулах хүүхдийн амбулаторийн шинэ барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чухал асуудлуудаар санал солилцсон байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: