Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг системтэйгээр шийдвэрлэхээр тусгажээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүд болон үе үеийн хотын удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцов.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх 1994 оны долоодугаар сарын 5-ны өдөр батлагдсан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 23 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн боловч 1990-ээд оноос хойш эхэлсэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн тасралгүй үргэлжилсээр нийслэлд байнга оршин суугчдын тоо 1993 онд 589 мянга байсан бол 2017 оны байдлаар 1.3 сая буюу манай улсын нийт хүн амын 44.7 хувьд хүрээд байна.

Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын тоо 981,456, жил тутам нийслэлд шилжин ирэгсдийн тоо 1993 онд 8,900 байсан бол 2016 оны байдлаар 30,297 байна. Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1993 онд 44 тэрбум төгрөг байсан бол 2017 оны байдлаар 16,620 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж буй.

Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо 1993 онд 20,337 байсан бол 2017 оны байдлаар 339,626, аж ахуйн нэгж байгууллагын тоо 1993 онд 15,484 байсан бол өнөөдөр 104,474-д тус тус хүрээд байгаа юм.

Нийслэл хотын хүн ам, нийгэм, эдийн засгийн энэ хурдтай тэлэлт нь Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгараад байсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулах ажилд анхаарлаа хандуулан, төслийг боловсруулж Монгол Улсын Их хуралд өргөн бариад байгаа билээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж эхэлсэн цагаас хойш Нийслэлийн иргэний танхим, Хангарди ордонд иргэд болон НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын дунд томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд харин энэ удаагийн хэлэлцүүлэгт үе үеийн хотын удирдлагууд, УИХ-ын гишүүд оролцож байгаагаараа онцлог юм.

Одоо мөрдөж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь таван бүлэг 23 зүйл заалттай бол шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулж нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг системтэйгээр шийдвэрлэхээр тусгасан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад Улаанбаатар хотыг хөрөнгө оруулалтын таатай орчин  бүрдсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой статустай болгох зорилтыг бие даасан бүлэг болгон шинэ хуульд тусгажээ. Мөн үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэхийг чухалчлан зааж өгснөөс гадна гадна дэлхийн томоохон хотуудын хөгжлийн загварыг нутагшуулж, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйлчилгээг олон улсын жишигт хүргэхийг эрхэм зорилгоо болгожээ.

Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх бөгөөд Хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулах Ажлын хэсгийн Ахлагч Д.Мөнх-Эрдэнэ “Өнөөдөр нийслэлийн нэг хороо хөдөөгийн сумаас хэд дахин олон хүн амтай. Гэтэл сумын захиргаанд ажиллагсдын тоо хорооны албан хаагчдаас хэд дахин олон байх жишээтэй. Хороодод өдгөө албан ёсоор төсвөөс цалинждаг таван ажилтан л бий. Гэтэл сумын захиргаа 30-35 хүний орон тоотой. Нэг албан хаагчид ногдож буй иргэний тоо хэдэн арав дахин олон байгаа ийм үед төрийн үйлчилгээний хүртээмж, хүмүүсийн сэтгэл ханамж ямар байх нь тодорхой. Тиймээс наад захын энэ тулгараад буй асуудлууд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан байгаа” гэдгээ онцолж байсан юм.

Урьд урьдын хэлэлцүүлгийн үеэр иргэдийн дэмжлэгийг хүлээгээд байгаа бас нэгэн зохицуулалт нь дагуул хотод шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 20 жилийн хугацаанд 50 хувиар, нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 50 хувиар тус, тус хөнгөлөх, дагуул хотод байнгын үйл ажиллагаа явуулж байгаа, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ажилладаг, тус хотын байнгын оршин суугчийн цалин хөлс, шагнал, урамшуулалд ногдуулах орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 50 хувиар хөнгөлөх заалтууд байсан юм.

Энэхүү хууль батлагдсанаар төрийн байгууллагын чиг үүргийг илүү тодорхой болгох, хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд учирч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх замаар хүний үндсэн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах ач холбогдолтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

+ There are no comments

Add yours