М.Энхболд: Элчин сайдыг УИХ томилдоггүй

УИХ-ын гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж байх үед чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг Элчин сайдаар томилсон. Үүнтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг буруутгасан байр суурь илэрхийлж байгаа. УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үүнд хариу тайлбар хийжээ.

Тэрээр “Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирээд, УИХ-аар хэлэлцүүлсэн. Түүнээс УИХ томилоогүй. Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч хийдэг. Зарим хүмүүс Элчин сайдын асуудлыг УИХ-д хамаатуулж яриад байх юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг чуулганы хуралдаантай давхацсан. УИХ-ын даргын зөвлөл долоо хоногийнхоо хэлэлцэх асуудлыг урьдаас төлөвлөж баталдаг гэдгийг сануулъя. Тиймээс Элчин сайдтай холбоотой асуудлаар зөв мэдээлэл өгөх нь зүйтэй” гэв.

Г.Намуун

+ There are no comments

Add yours