М.ЭНХБОЛД: ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ АРДЧИЛЛЫГ ТУНХАГЛАСАН

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг.


Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн судлаачид аа,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Улс орон, ард иргэдийн ирээдүй хойчид хамаатай, нэн чухал асуудлыг хөндөн ярилцахаар энэ танхимд хүрэлцэн ирсэн Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Их Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол Улсын анхны Үндсэн хууль 1924 онд батлагдсан. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анхны Үндсэн хуультай орон болсон гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Төрийн байгууллагуудын тогтолцоог бүрдүүлж, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг тунхагласанд энэ хуулийн түүхэн ач холбогдол оршино. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргаж, 1960 онд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Үндсэн хуульдаа хийсэн эдгээр өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсныг түүх гэрчилнэ.

1992 онд баталсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгаажуулж, нийгэм, төрийн байгууллын ардчилсан үндэс тулгуурыг бататган, хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн байгууламж, засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний байгууллагын болон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, Үндсэн хуулийг сахин хамгаалах хяналтыг тогтоосон юм.

Шинэ Үндсэн хууль маань улс Монголынхоо өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюуны үндсийг бэхжүүлж хүнийг, түүний эрх, эрх чөлөөг дээдэлснээрээ өмнөх Үндсэн хуулиудаас ялгаатай бөгөөд үзэл баримтлал, суурь зарчмын хувьд ардчиллыг тунхагласнаараа онцгой ач холбогдолтой юм.

Нөгөө талаар энэхүү Үндсэн хууль Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг байсан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ.

Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарсан өөрчлөлт, дэвшил хөгжлийн чиг баримжаа, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харууллаа. Тиймээс 1992 оны шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй юм.

Гэхдээ нийгэм хөгжиж, олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойрсонгүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаар сүүлийн 10 гаруй жилд байнга санал гарах болсон. УИХ дээр л гэхэд үүнээс өмнө 4 удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв.

Тиймээс эдгээр санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хөндөж байгаа юм.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажилд энэ удаагийн УИХ онцгой ач холбогдол өгч, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж байгааг миний бие өмнө нь илэрхийлж байсан билээ.

УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, өнгөрсөн 4-р сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийнхээ төлөөлөлтэй зөвлөлдөж, саналыг нь авсныг Та бүхэн мэдэж байгаа. Санал асуулгын үр дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган УИХ-д ирүүлсэн. Уг зөвлөмжид үндэслэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан юм.

УИХ-аас төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Тогтоол баталсан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас төслийг хэлэлцүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж, улс орон даяар 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, төрийн байгууллагуудад нийт 68 удаагийн бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг 2 сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргаад байна.

Эдгээр хэлэлцүүлгээр аймаг, нийслэл, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамж, цахим хуудсаар нийт327,375 санал хүлээн авсан бөгөөд давхардсан тоогоор 5.6 сая саналыг цахим мэдээллийн санд бүртгээд байна.

Нийт санал өгсөн иргэдийн 47.3 хувь нь эрэгтэй, 52.7 хувь нь эмэгтэй байсан бол насны хувьд 32.2 хувь нь 18-35 насны залуучууд, 35.9 хувь нь 36-55 насныхан, 31.9 хувь нь 55-аас дээш насны иргэд байгаа нь бүх насны иргэд идэвх санаачилгатай оролцсоны илрэл юм.

УИХ-ын Тамгын газар хэлэлцүүлгийн талаархи 750 цагийн дүрс бичлэг, 1100 гэрэл зураг, санал асуулгын хуудсаар 2607 хавтас архивын нэгж үүсгэсэн нь УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд бүрддэг архивын хэмжээтэй дүйж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 20 зүйл, хэсэг, заалтаас 19 нэмэлт, өөрчлөлтийг иргэд 53.3-78.2 хувиар дэмжиж саналаа өгчээ. Энэ дашрамд хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгсөн нийт иргэддээ, энэхүү ажлыг хамтран зохион байгуулсан төрийн захиргаа, улс төрийн нам, төрийн бус байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье.

Иргэдийнхээ өгсөн эдгээр санал, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн хүчнүүдийн байр суурь, дүгнэлтэд тулгуурлан төслийг ойрын үед эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ. Улмаар хуулийн төслийг парламентаар нухацтай хэлэлцэх болно.

“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид хэлжээ. Төслийг боловсруулах, хэлэлцэх болон цаашдын үйл ажиллагааны бүхий л шатанд энэ үгийн үнэ цэнийг эрхэмлэн сахих нь чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бодит хэрэгцээ шаардлага, нягт нямбай тооцоо судалгаа, орон даяар явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлах нь ойлгомжтой юм. Түүнчлэн өөрчлөн шинэчлэх олонхийн хүсэл эрмэлзэл, дордуулж муутгачих вий гэсэн цөөнхийн эргэлзээ болгоомжлолыг ч адил тэнцүү авч үзэх ёстой.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал онол, практикийн өргөн цар хүрээнд, чөлөөт хэлэлцүүлэг, мэтгэлцээний журмаар болж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Эрхэм нөхөд өө,

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсэж, хурлын үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.

+ There are no comments

Add yours