Угаартаж хордсон хүний тоо 51-д хүрчээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 51 ажилтан гүйлгэж, бөөлжин, халуурсан гэх нэг шинж тэмдгээр өвдөж, 31-нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй 31 хүний гурвынх нь биеийн байдал хүнд байгааг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Үлдсэн 20 хүн нь гэрээр өрхийн эмчийнхээ хяналт дор хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж буй аж.Өвчтөнүүдээс авсан шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлжээ. Шинжилгээгээр ажилчид шалтгаан тодорхойгүй химийн хордлого, цутгуурын халууралт болох нь тогтоогджээ.Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг хайлуулах явцдаа технологийн горим алдаж, хийн зуух болон дахин халаах зуухнаас их хэмжээний утаа гарснаас болсон байна.

Ажилчдын цусанд угаарын хий,  хар тугалгын хордлого хэр байгааг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ. Нэг дор ажилладаг хүмүүс олноороо эмнэлэгт хүргэгдсэн энэ явдлыг шалтгааныг  ажлын газрынхаа хоолноос хордсон байж болзошгүй гэж эмч нар таамаглаж байсан. Тэгвэл өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр хоол хүнстэй холбоотой халдвар биш нь тогтоогдсон гэв.

Ажилчид нь эмнэлэгт хүргэгдэж эхэлсэн өдрөөс /2017.11.30/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар, Онцгой байдал, цагдаа хамтарсан ажлын хэсэг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Нийслэлээс Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид үйлдвэр дээр ажиллаж байна. Тэд ямар шалтгаанаар, юунаас болоод  технологийн горим алдаж ажилчид нь хордсоныг нарийн тогтоох гэнэ.

Угаартаж, хордон өвдсөн үйлдвэрийн ажилчдад хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэх шалтгаанаар тэтгэмж өгөх ёстой гэж хуульд заасан байдаг аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2017.12.04/ нэмэлтээр Дархан-Уул аймгийг зорив. Тэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын асуудлыг нарийн судалж, дүгнэлт гаргах юм.

+ There are no comments

Add yours