Бурханы хариу…

“… Юм үз нүд тайл, хорвоог бишир гээд байхад үхнэ гэж дайраад байдаг сонин хүн үү, та?! Вильям гээд Англид нэг залуу байна. Ямар гоё сонат бичиж байна гэж санана? Өдий болтол хэний ч санаанд ороогүй шидээвэр жүжиг өчнөөнийг бичлээ. Би өөрөө гайхаад бишрээд, өөрөөрөө бахархан нулимс дуслуулаад сууж байхад тэрийг чинь уншъя байз гэхийн оронд үхнэ гэж гоншигоноод байдаг?…”

Ийм ширүүн хариу аваад мань хүн бүр айчихав. Ингээд Вилъямын бүх зохиолыг уншиж жүжгүүдийг нь үзэв. Тухайн үеийнхээ гол зохиолуудыг ч олж уншлаа. Зарим нь ч зүгээр юм, ихэнх нь уйтгартай. Олон жил өнгөрлөө. Өвгөн өөрөө ч насаа тоолохоо болив. Байж байгаад л нэг шалгахад 100 гарчихсан, хэсэг хугацааны дараа нягтлахад бүр 120 хүрчихсэн ч байх шиг. Ингээд Бурханаас үхэхийг хүсэн шалахаас эмээж “өөр сонирхмоор юу байна?” гэж асуух болжээ. “Исаак гэж хүү удахгүй ертөнцийн оршин тогтнолын зарчмыг нээх гэж байгаа” гэж хэлсний дагуу түүнийг нь хэсэг хүлээж өнгөрөөв. Алим модноос яагаад шууд газар унадагийг тэрээр урд нь огт бодож байсангүй, тиймээс энэ тайлбар түүнд маш таалагдав. Ер нь үүнээс хойш цахилгаан соронзон орон, хүн сармагчингаас үүссэн гээд л шинжлэх ухаан техник технологийн нээлт тайлбар болгон маш сонирхолтой болжээ. Тэрээр улам ихийг мэдэх хорхойтой болж үхэх тухай бодохоо ч болив. Харин ч өөр сонирхолтой урлаг утга зохиол шинжлэх ухааныг улам шимтэх болж дахиад шинэ нээлт сэтгэлгээ болгоныг үзэж танилцах юмсан хэмээн хорхойсох болов. Ингэсээр ХХ зуун гарлаа.

Нийтлэлч Баабарын “Бурханы хүсэлт” нийтлэлийн хэсгээс

+ There are no comments

Add yours