МАН-ын 28-р их хурал өнгөрсөн долоо хоногт даваагаас пүрэв гариг хүртэл үргэлжилж, намын даргаа сонгож, дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан. Үүний дараа тус намын Бага хурал хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга болоод Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилоод байгаа. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Танай нам үнэхээр эвлэлдэн нэгдэж чадсан уу?
-Шинээр сонгогдсон намын дарга эв нэгдлийг хангаж ажиллах нь хүн бүрийн үүрэг шүү гэх чиглэл өгсөн. Намын дарга маань “УИХ дээр 32,33 бүлэг гэж ярихгүй” гэдгийг төлөөлөгчдөд хэлсэн. Нам хагараад хоёр талд гарсан зүйл биш. Үзэл бодлын өрсөлдөөн бий. Энэ бол талцсан зүйл биш. Манай нам эв эеэ олсон. Эвлээд хамтдаа зүтгэе, 2016 онд ард иргэдийн өгсөн итгэлийг үүрээд 2020 онд хамтдаа зүтгэе гэсэн. Эв нэгдлийг хангаж ажиллах чиглэлд тогтоол гараагүй. Намын дүрэмд хариуцлагын заалт орж байгаа. Олон түмний өмнө хүлээсэн өндөр их хариуцлагаа бид ухамсарлах ёстой. Хэн нэгэн даргын гэхээсээ илүүтэй Монголын ард түмний эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой.
-Намын Удирдах зөвлөл, Бага хуралд анхан шатны төлөөллийг оролцуулсангүй гэх шүүмжлэл гарсан. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Анхан шатны байгууллагын төлөөллийг үүрийн дарга гэж ойлгож болохгүй. Үүрийн, сумын, намын дарга нар бүгд анхан шатны байгууллагын төлөөлөл. Тэгэхээр Бага хурлын 369 гишүүний 40 орчим хувь анхан шатны байгууллагын төлөөлөл.
-Ёсзүйн хорооны чиг үүргийн тухайд?
-Манай намд Ёсүзүйн хороо 2013 он хүртэл байсан. Тухайн цаг үед ёсзүйгээ алдсан авлигын хэрэгт холбогдсон этгээдэд хариуцлага тооцдог байсан. Цаашид энэ хороо ийм байдлаар ажиллана. Илүү шударга, зарчимтай ажиллах ёстой, энэ хороо. Ёсзүйн хороо ёсзүйн хэм хэмжээг сахиулах хэмжээнд ажиллаад явна гэж ойлгож байгаа.
-Удирдах зөвлөлийг намын ерөнхий нарийн бичгийн дарга даргалахаар болсон байна лээ. Намын дарга Удирдах зөвлөлд байх уу?
-2013 онд намын дарга нь Удирдах зөвлөлөө даргалдаг байсан. Одоо орсон өөрчлөлтөөр намын ерөнхий нарийн бичгийн дарга Удирдах зөвлөлөө даргалаад явах юм. Намын дүрэмд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хариуцлагын асуудал яригддаг заалт байдаггүй. Парламентын сонгуульд ялагдал хүлээвэл намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгдөг заалттай. Орон нутгийн сонгуульд ялагдвал орон нутгийн намын хорооны дарга хариуцлага хүлээдэг заалт үйлчилдэг.
+ There are no comments
Add yours