“Хүүхэд хамгаалал-Эцэг эхийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран зохион байгуулсан “Хүүхэд хамгаалал-Эцэг эхийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Г.Золзаяа оролцож “Хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал”сэдвээр илтгэл тавилаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2016 онд хүүхдийн эрхийн хэрэгжилт, хамгааллын асуудлаар томоохон судалгааг хийсэн бөгөөд “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д нэг бүлэг болон тусгагдсан хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн мэдээлэл хийсэн юм. Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд Хүний эрхийн Үндэсний Комиссоос дараах зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Үүнд:
Засгийн газрын үүрэг хүлээгчдэд
– Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг бууруулах хууль эрх зүйн цогц орчинг бий болгох ажлыг яаравчлах. Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Хүүхдийн элчийг хуулийн дагуу ажиллуулах;
– Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын ажлыг төсөв хөрөнгөний тодорхой эх үүсвэртэй болгож, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах, тогтвортой ажиллах нөхцлийг бий болгоход анхаарах;
– Хүүхдийн эрхийг сахин хамгаалах төрийн үүргийг иргэд олон нийтэд тогтмол ухуулан таниулж байх;
– Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаарх мэдээллийг хаана, хэнд, яаж мэдээлж байх талаар сурталчилгаа, нөлөөллийн ажлыг сургалтаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулж байх;
– Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаарх мэдээллийг хүлээн авч хариу үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхижуулах, мэргэшүүлэх;
– Эцэг эх/насанд хүрэгчдэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох сургалтыг насан туршийн боловсролын хүрээнд тогтмол зохион байгуулах;
– Хүүхэд, олон нийтэд зориулсан хүүхдийн эрхийн талаар мэдлэг олгох сургалтыг нэгдсэн модул,стандартаар боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулж өгөх;
– Хүүхдийн эрхийн конвенци, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн агуулгыг тусгасан хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн эрхийн боловсрол олгох гарын авлагуудыг гаргаж, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарт түгээх.
– Багш бэлтгэдэг сургалтын хөтөлбөрийн агуулгад хүүхдийн эрх, хүүхдийн сэтгэлзүйн хичээлийн агуулгыг нэмж оруулах;
– Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйчийн орон тоог бий болгох.

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудад
– Хүүхдийн эрх, зөрчлийн талаарх мэдлэг, хандлага, хэрэгжилтийг тодорхойлох судалгааг тодорхой хугацааны давтамжтайгаар хамтран хийж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэн, гарч байгаа ахиц, ололт амжилт, сургамж бэрхшээл, үр дүнгээ олон түмэнд хүргэдэг тогтолцоог бий болгох талаар хамтарч ажиллах;
– Хүүхдийн эрхийн асуудлаар үүрэг хүлээгч нарт зориулсан сургалтыг нэгдсэн модуль, хөтөлбөрийн дагуу тогтмол явуулж хэвших;
Ерөнхий боловсролын сургуулиудад
– Хүүхэд хамгааллын бодлоготой болж, сургуулийн орчинд гарч байгаа хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг таслан зогсооход бодитой алхам хийх;
– Эцэг эх, асран хамгаалагчид болон багш ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын сургалтыг тогтмол явуулж хэвших;
– Сургууль дээр хүүхдийн эрхийн клуб зэрэг хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны байгууллагуудыг бий болгох боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
– Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн багш, ажилтнуудтай тогтмол хариуцлага тооцож, багш, эцэг эх, асран хамгаалагчдын дунд хүүхдийг зөв ойлгож, хүндэтгэн харилцах орчин, аргазүйг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах
– Багш нарын хүүхдийн сэтгэл зүйн талаарх мэдлэг, ойлголтыг байнга нэмэгдүүлж байх;
– Багшийн ёс зүйд анхаарах;
Эцэг эх, асран хамгаалагчдад
– Хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаарх мэдлэгээ дээшлүүлэх;
– Гэр бүл, сургууль болон гадаах орчинд хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, эцэг эхийн зөвлөлийн ажлыг үүнд чиглүүлж хамтран ажиллах;
– Өдөр бүр хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж хэвших, сэтгэл санаагаар байнга дэмжин урамшуулах;
– Гэр бүлийн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэр бүлийн орчинг хүүхдийн аз жаргалтай амар тайван өсөж хөгжих орчин болгох;
– Хүүхдийн хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг батжуулж, дэмжин туслах;
– Хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогыг танин мэдэж харилцаандаа анхаарах;
– Эцэг, эх хоорондоо зөв харилцааг бүрдүүлж эвтэй байх;
– Үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх;
– Гэр бүлийн уламжлалт соёл, ёс заншил, эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлтэй байх;
– Гэр бүлийн боловсрол олгох сургалтад өөрийн санаачлагаар хамрагдах;

+ There are no comments

Add yours