Харумафүжигийн хэргийг шалгаж эхэлжээ

Японы цагдаа өчигдөр буюу Лхагва гарагт ёкозуна Харумафүжигийн хэргийг шалгаж байгаагаа зарлажээ.

Өнгөрсөн сарын сүүлээр мэргэжлийн сүмод барилддаг Монгол бөхчүүдийн дунд зодоон гарснаар сүмочдийн нэг Таканойва толгойдоо бэртэл авч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Энэ тухай Таканойвагийн дэвжээний эзэн цагдаад мэдэгдсэнээр шалгах ажиллагаа эхэлсэн юм байна.

Мягмар гарагт Харумафүжи уучлал гуйсан ч хэргийн талаар мэдээлэл өгөөгүй.

Хэрэг явдлын гэрчүүдийн мэдээлж байгаагаар аравдугаар сарын сүүлээр Тотторид болсон орон нутгийн тэмцээний үеэр 10 орчим сүмоч цуглаж уухад хэд хэдэн Монгол бөхчүүд байсан гэнэ.

Харумафүжи Таканойваг зэмлэж байх үед тэр гар утсаараа оролдож суусан нь ёкозунаг уурлуулж, шар айрагны лонхоор толгойд нь цохиход хүргэсэн байна. Дараа нь Харумафүжи залуу бөхийг нүцгэн гараараа 30 орчим удаа цохисон гэж гэрчүүд мэдээлжээ.

Энэ үед Таканойва өөрийгөө хоёр гараараа хамгаалахаас өөр зүйл хийгээгүй гэнэ. Хэрэг явдлын дараа тэр арваннэгдүгээр сарын 5-9-ний хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Түүний тархи хөдөлж, гавлын яс нь гэмтсэн байсан гэж мэдээлсэн юм.

Энэ шалтгаанаар тэр арваннэгдүгээр сарын барилдаанд оролцож чадаагүй. Харумафүжи ч эхний хоёр өдрийн дараа барилдаанаа зогсоосон юм.

Хэргийн газарт ёкозуна Хакухо, Какурю, сэкиваке Тэрунофүжи зэрэг Монгол бөхчүүдээс гадна Япон бөхчүүд байжээ.

Японы Сүмо Бөхийн холбоо арваннэгдүгээр сарын барилдааныг дуусах хүртэл (энэ сарын 26-нд дуусна) ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэж мэдэгджээ. Зарим эх сурвалжууд ёкозуна Харумафүжиг зодог тайлуулах шийдвэр гарах магадлалтайг хэлсэн байна.

+ There are no comments

Add yours