ТАТВАРЫН ОРЛОГО 1,1 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг мэдээлдэг билээ. Энэхүү хэвлэлийн хурал өнөөдөр  боллоо. Судалгаанд 2017 оны аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг илтгэжээ.

33.300 ИРГЭН АЖИЛ ХАЙЖ БҮРТГҮҮЛЖЭЭ

  • Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн арван сарын хугацаанд 33.300 болжээ. Үүнээс ажилтай боловч ажил хайж байгаа 9,1 мянга иргэн байна. Дээрх иргэдийн 61,9 хувь нь 15-34 насны залуучууд байжээ.

2,1 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ОРЛОГОТОЙ 50,5 МЯНГАН ӨРХ БАЙДАГ

  • Энэ оны гуравдугаар улиралд нэг өрхийн дундаж орлого 929,4 мянган төгрөг байгаа бол зарлага нь 1 сая төгрөг гэж тооцжээ. Мөн чинээлэг өрхийн хэрэглээ хамгийн ядуу өрхийн хэрэглээнээс 5,4 дахин их байгааг судалгаанд үндэслэн мэдээлэв.

Өрхүүдийн мөнгөн орлогыг бүлэглэн авч үзвэл:

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120,5 мянга
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 135,1 мянга
  • 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 276 мянга
  • 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50,5 мянга  байна.

ЭНЭ ОНД 15 ЭХИЙН ЭНДЭГДЭЛ БҮРТГЭГДЖЭЭ

  • Оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 61.187 хүүхэд мэндэлсэн бол нялхсын эндэгдэл 849 тохиолдсон байна. Харин эхийн эндэгдэл оны эхний арван сарын байдлаар 15 удаа тохиож,  өмнөх оны мөн үеэс 53,1 хувиар буурчээ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 1,2 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА

  • Аж ахуй нэгжид олгосон зээлийн өрийн үлдэгдэл 13,4 их наяд төгрөг байгаа бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 969,1 тэрбум төгрөгт хүржээ. Харин чанаргүй зээлийн хэмжээ 1,2 их наяд төгрөг болж, нийт зээлийн 8,8 хувийг эзэлж байна.

АМ.ДОЛЛАР, РУБЛИЙН ХАНШ СУЛАРЧЭЭ

  • Ам.долларын ханш өмнөх сараас 0,2 хувь суларч, 2458,69 төгрөгтэй тэнцжээ. Харин юанийн ханш 371,5 төгрөг болж, өмнөх сараас 0,7 хувиар чангарсан байна. Тэгвэл рублийн ханш 42,61 төгрөг болж, 0,2 хувиар суларчээ.

ТӨСВИЙН АЛДАГДАЛ 669,2 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭВ

  • Эдийн засгийн үзүүлэлтээс харагдсан хамгийн таатай мэдээ бол төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр буурсан  тухай байв. Ийн буурахад татварын орлого 1,1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Оны эхний 10 сарын хугацаанд улсын төсвийн алдагдал 669,2 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна.

+ There are no comments

Add yours