АЖИЛ ХАЯЛТААС ҮҮДЭХ ХОХИРЛЫГ БАГШ НАР ХАРИУЦНА

Улсын хэмжээнд өнөөдөр177 сургууль, 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага ажил хаялт зарлаад байна.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос тавьсан шаардлагын дагуу дээрх сургууль, цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллага нь багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг Засгийн газарт тавьж буй юм.

Гэвч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээс эхлэлтэй ажил хаялтын уршгаар олон хүүхдийн эрх зөрчигдөж буй.

Наад зах нь багш нар ажил хаялт зарласан өдөр эцэг, эхчүүд хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг асуудалтай тулж буй.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн албан тоотоор бол дээрх ажил хаялтаас үүдэлтэй үр дагаврыг багш нар хариуцах болж байна.

Тодруулбал, уг албан тоотод “Хууль тогтоомжид заагдсан нөхцөл шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” гэжээ.

Засгийн газрын хувьд өмнө нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооны төлөөллийг оролцуулсан нийгмийн гурван талт хэлэлцээр хийж, 2017 оны сүүлээр багш нарт урамшуулал хэлбэрээр 500 мянга гаруй төгрөг олгох шийдвэрт хүрсэн. Мөн 2018 онд энэхүү урамшуулал үргэлжилнэ. Тодруулбал, төрийн албан хаагчдад нийтдээ 56 тэрбум төгрөгийг ажлын үр дүнгээс нь хамааруулж, урамшуулал хэлбэрээр цалин дээр нь нэмэгдэл болгож өгөх шийдвэрт хүрсэн.

Гэвч Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны зүгээс дээрх урамшууллыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн, цалин нэмэх шаардлагаа тууштай тавьсаар байна.

Энэ асуудалтай холбогдуулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг тус холбооныхонтой зөвшилцөхөөр ажиллах болно гэдгээ мөн мэдэгджээ.

+ There are no comments

Add yours