853 ИРГЭНИЙ УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ҮЗЭВ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 510 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 456 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 853 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 510 мэдүүлгээс илт зөрчилтэй 2, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 424, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 72, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 12 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Одоогоор ажиллагаанд 343 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын гүйцэтгэлийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн А.Нансалмаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Эрдмийн гэгээ” ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Иймаа, Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газарт санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхзул нарын 242 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон Эрдэнэтийн дулааны цахилгааны цахилгаан станцын шинэчлэлийн төслийн зохицуулагчаар томилогдохоор нэр дэвшсэн Б-г тухайн албан тушаалд томилогдоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагаас хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлсэн байв.

 

+ There are no comments

Add yours