10 дугаар тусгай цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эх, багш нарынхаа хамтаар нурсан барилгынхаа гадна өнөөдөр жагслаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан улсдаа ганц байдаг 10 дугаар тусгай цэцэрлэг нь нийслэлийн Засаг даргын харьяанд байгаа ч саяхнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам руу шилжүүлэх яриа гарчээ. Гэхдээ одоог хүртэл шилжүүлэг нь албажаагүй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын харьяанд байх үед тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төслөө 2014 онд гаргаж баталгаажуулжээ. Удалгүй БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгон өөрчилж, өөрийн харьяандаа авахаар болжээ. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Харин ирэх оны төсвөөс 2.5 тэрбум төгрөг гаргаж, 10 дугаар тусгай цэцэрлэгийн шинэ барилгыг 120 биш 250 хүүхдийн багтаамжтай барих саналыг салбарын яам нь гаргажээ. Энэ саналыг 10 дугаар цэцэрлэгийн багш, удирдлагууд эсэргүүцэж өнөөдөр ийнхүү нурсан барилгынхаа гадна жагслаа. Хуучин барилгынх нь талбайд 250 хүүхэд багтах боломжгүйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч, сувилан, сургах олон улсын стандартад нийцсэн тохижилттой цэцэрлэгийг барихад 5.3 тэрбум төгрөг шаардлагатайг санууллаа.
Цэцэрлэгийнх нь хуучин барилга ашиглалтаас гарах үед 10 дугаар тусгай цэцэрлэгийнхэн шууд хаалга барьж болохгүй гэдгээ тухайн үеийн нийслэлийн удирдлагуудад учирлажээ. Ингээд 58 дугаар цэцэрлэгийн дөрвөн өрөөнд цэцэрлэгийн шинэ барилгатай болтлоо үйл ажиллагаа явуулах боломжийг олгожээ. Ингээд өнгөрсөн хугацаанд “Өнөр бүл” төвийн байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.
+ There are no comments
Add yours