ШҮҮМЖЛЭГЧЭЭ ӨМӨӨРНӨ

Г. Батсуурь маань шүүмж бичжээ. Уншлаа. Шүүмжлүүлсэн хүн зөрүүлээд сэтгэгдлээ бичжээ бас уншлаа. Тэгээд ингэж бодлоо. Утга зохиолын ажил бол мэргэжлийн ажил юмаа. Зохиолч нэрийг мэргэжлийн ажлаа мэргэжилтний түвшинд хийж байж хүртдэг мэргэжлийн нэр юмаа. Яг л нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтэн, эмч, эм зүйч, хуульч гэдэг шиг. Жишээ нь би өөр дээрээ л ярья л даа. МИУС-ийн утга зохиолын нэгдэлд орсон юм. Тэр болтол хэдэн арван дэвтэр шүлэг, мэдээ, сурвалжлага, найруулал энэ тэр гээд л янз бүрийн л юм бичсэн юмдаг. Тэр нэгдэлд орж очоод зүгээр л нэг сайхан бичих дуртан л байснаа ойлгосон юмдаг. Тэгээд л яваад байсан тэнд хоёр жил яваад сургуулиа төгссөний дараа Зохиолчдын хорооны дэргэдэх залуу зохиолчдын нэгдэлд элссэн бас бичсэн зүйлээрээ шалгалт шүүлэг өгч байж элсэж байгаа юм шүү дээ. Тэнд хоёр жил явсан. Тэгээд анхны шүлгүүд маань Утга зохиол урлаг сонинд хэвлэгдсэний дараа эхлэн бичигч алдрыг хүртсэн. Цог сэтгүүлийн ОЧ буланд өгүүллэг маань гарсны дараа идэвхтэн бичигч болсон. Анхны номоо хэвлүүлж байж залуу зохиолч нэртэй болсон юмдаг. Насаараа залуу зохиолч алдартай явсан хүмүүс ч бий. Энэ бүхнийг нуршдагийн учир одоо тэр цаг биш. Тэгж хүмүүжүүлдэг систем байхгүй болсон цаг. Ингэхээр хүн өөрийгөө хүмүүжүүлэх өсгөж бойжуулах цаг болж л дээ. Ингэж бойжуулахын тулд би юү хийх гэж байгаа билээ миний хийх гэж байгаа энэ ажлыг урьд нь хийж явсан хүмүүс яг юү юү хийсэн юм бэ би тэдний зэрэг зиндаанд очиж чадах уу, гол нь тэдний түвшинд очиж байж хүмүүст үгээ хүргэх ёстой шүү гэдгийг ойлгосон байх хэрэгтэй. Шүүмжлэгч маань энэ чанарыг л ном хавтаслаад байгаа хүмүүсээс нэхээд байгаа юм. Жишээ татахад шүүмжлэгч бол ерөнхий мэс засалч, банкаар зүйрлэвэл захирал нь. Ингэж ярихад ичмээр л байна гэвч бас ярихгүй бол болохгүй байна. Би гэнэтхэн ямар нэг банк руу давхиж ороод хүмүүст янз бүрийн зээл өгөөд л, эсвэл эмнэлэг рүү давхиж оруут мэс заслын хутга шүүрч үүнийг ч ингэж огтлоно, тэрийг ч чингэж тайрна гээд зүтгээд унавал мэргэжилтнүүд нь юү гэж бодох вэ хамгийн дөтөөр нь Шар хад руу явуулна биз дээ. Утга зохиолын ертөнцийг хөл толгой нь мэдэгдэхээ байсан замбараагүй газар байдаг юм байна гэж сүүлийн үед ойлгодог хүмүүс бий болчихоогүй байгаа гэж санаа зовсондоо л үүнийг бичиж цагаа үрж суугаа юм шүү. Номыг нь үзээгүй байж энэ ч хүнд халууны эм, тэр ч хүнд элдэв антибиотик, эм тариа тараагаад унавал юү болох вэ. Ний нуугүй хэлэхэд тийм л юм болоод байгаа шүү. Өвчтөн, эм зүйч мэргэжлийн хүн бичиж өгсөн гэж итгээд л бичсэн эмийг нь аваад хүртдэг. Түүнчлэн уншигч аливаа номын хавтасыг хараад л авчихдаг. Зарагдсан барааг буцаахгүй гэсэн бичигдээгүй хууль манайд үйлчилж байдаг ном авсан хүн түүнийгээ яасан нь тэр бүр мэдэгддэггүй ийм л болохоор ном маань борлогдоод байна тэгэхээр би зөв юм хийгээд байна гэж зохиогч маань бодоод явдаг. Чухам зөв явна уу үгүй юү гэдгийг шүүмжлэгч л хэлж өгнө. Тэр чинь утга зохиолын их том ертөнцийн хилчин юм шүү дээ. Хэрвээ тэр хилчний шаардлага эгдүүг тань хүргэж байгаа бол та хил зөрчигч л гэсэн үг. Шүүмжлэгч зөөлнөөр шүүмжилнэ гэж байдаггүй. Энэ чинь гэмт хэрэгтнийг хичнээн өрөвдөж байсан ч хуулиа баримтлаад уйлж байгаад хатуу ял өгдөг шүүгчтэй адил ажил шүү дээ. Харин Шүүдэрцэцгийн тухайд Батсуурь маань бас бодолцох ёстой байхаа. Шүүдэрцэцэг ч гэх шиг шүүмжийг анх уншаад санал нийлж байсан. Түүнээс хойш Шүүдэрцэцэг их өөр болсон шүү. Тэр үнэхээр Монголын утга зохиолын их ертөнцийн байлдагч болъё гэж хатуу шийдсэн түүндээ хүрэхээр дайчин хөдөлмөрлөж яваа хүн. Үр дүн нь ч харагдаж байгаа. Үг хэдий хатуу ч үйлст тустай гэж өвгөд дэмий ч нэг амны хийгээр хэлчихсэн юм биш шүү. Утга зохиол өөрийн шалгууртай, хилчинтэй та энэ ертөнцөд оръё гэж шийдсэн бол хамгийн эхлээд л үг дааж сурах хэрэгтэй. Ийм л зүйл бодогдоод цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаардаггүй гэсэн сургаалыг удиртгал болгон олон үглэчихлээ.

+ There are no comments

Add yours