Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд асан, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн ноён Кихара Сэйжи, Токио хотын Мүсашимүраяма хотын захирагч ноён Фүжино Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын биеийн тамир, спортын салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар“Токио-2020” зуны Олимп, Паралимпийн наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдыг Олимпийн өмнөх бэлтгэл хангуулах чиглэлээр тус улсын муж хотуудад, түүний дотор Мүсашимүраяма хотод хийлгэх, тамирчид, дасгалжуулагчдыг харилцан солилцох, хамтарсан бэлтгэл, сургуулилалт хийх, спортын анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах, спортын эмнэлзүй болон нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх талаар хөндөн ярилаа.
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн ноён Кихара Сэйжи хоёр орны боловсрол, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэн, биеийн тамир, спортоор дамжуулан залуучууд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ урт хугацааны, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны чиглэлээр санал боловсруулан, хөтөлбөр гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.
Д.Думаа
+ There are no comments
Add yours