Монгол Улс Юнеско-д элссэний 55 жилийн ой тохиож байна

Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-ийн дүрэмд гарын үсэг зурж, тус байгууллагын 108 дахь гишүүн болсон юм. Энэ жил Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 55 жилийн ой тохиож байна. Хамтран ажилласан 55 жилийн хугацаанд мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох, ЮНЕСКО-ийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог зохицуулахад анхааран ажиллаж иржээ.

Энэхүү 55 жилийн ойг тохиолдуулан “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлтийг өнөөдөр  15.00 цагт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд хийхээр болжээ.

Номын нээлтийн үеэр “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах юм. “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын өвүүдийн гэрэл зургууд тавигдана.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв байдаг бөгөөд энэхүү үзэсгэлэн нь эдгээр өвүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.

Уг арга хэмжээнд үе үеийн ЮНЕСКО-ийн үндэсний комиссын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-ийн дэргэд Байнгын төлөөлөгчөөр ажилласан ахмад дипломатч, үндэсний хорооны гишүүн, төсөл хөтөлбөрийн зохицуулагч, өв соёлын мэргэжилтэн зэрэг ажил амьдралаа ЮНЕСКО-той холбосон хүмүүс оролцох юм байна.

+ There are no comments

Add yours