ИРЭХ ОНД 357,9 ТЭРБУМЫГ ХАЛАМЖИНД ЦАЦНА

Шинэ Засгийн газар УИХ-аар 2018 оны төсвийн хуулийг хэлэлцүүлж эхлээд байна. Төсвийн хуульд зааснаар  нийт 357.9 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар тусгажээ. Энэ тухай тойм мэдээллийг хүргэе.

Ээжүүд сар бүр 50 мянган төгрөг авна

МАН 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Энэ хөтөлбөрийг УИХ-аас баталсан тул холбогдох санхүүжилтийг тусгажээ.

Тодруулбал, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянга, улирал бүр 150 мянган төгрөг өгөх юм. Мөн гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгоно. Тэтгэмж нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240  мянган төгрөгөөр тооцож олгоно. Цалинтай ээж, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр урамшуулал олгоход 72,8 тэрбум төгрөг зарцуулна.

Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохгүй

Монголын төр хүүхэд бүрт 20 мянга, 21 мянган төгрөг олгосоор багагүй цаг хугацааг үджээ. Ингэхдээ хэний, ямар Засгийн газар гарч ирэхээс шалтгаалж хүүхэд бүрт мөнгө олгох уу, зөвхөн зорилтот бүлэгт өгөх үү гэдэг нь маргаан дагуулсаар ирсэн.

2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 20 мянган төгрөг өгөхөөр 164,2 тэрбум төгрөг төсөвт тусгажээ. Цаашид хүүхдийн мөнгө авах хүүхдийн тоог 80 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжийг судалж байж шийдвэрээ гаргахаар болсон байна. Мөн хүүхдийн мөнгө авах тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгох аргачлалыг өөрчилж, шинэчлэх гэнэ.

Төрийн албан хаагчдад дахин  нөхөн олговор өгнө

Засгийн газар төрийн албан хаагчдыг халамжлахад зориулж 2017 оны төсвийн тодотголд 55,4 тэрбум төгрөг суулгасан. Нийт 192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөг тараагдах юм.  2018 онд энэ халамж үргэлжлэх нь. Тодруулбал, төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал хэлбэрээр нэг удаагийн тэтгэмж олгохоор болсон байна. Үүнд 56,2 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нэн ядуучуудад 55,5 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газар ирэх онд 55,5 тэрбум төгрөгийг орлого багатай, эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд зориулж зарцуулахаар төлөвлөөд байна.

Мөн 260 мянга гаруй иргэний ЭМД-ийн шимтгэлийг төрөөс санхүүжүүлэхэд 9,2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Тодруулбал, эмзэг бүлгийн өрхийн гишүүн-иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж, тэднийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангагдах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

+ There are no comments

Add yours