Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Монголд ажилласан хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.
Өнгөрсөн долдугаар сард Элчин сайд Женнифер Зимдал Галттай уулзахдаа Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох талаар санал дэвшүүлж байсан тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад үүнийг Конгрессоор оруулж дэмжүүлж өгөхийг хүслээ. Монголын талаас хуульчид АНУ-ын лобби бүлгийн хүмүүстэй энэ талаар ажиллаж байгаа бөгөөд ирэх 12 дугаар сарын эхээр тэдгээр хүмүүсийг Монголд ирүүлэхээр урьсан байна.
Элчин сайд Женнифер Зимдал Галт хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг бэхжүүлэх чиглэлд хийгдэж буй хоёр ажлын талаар ярилаа.
Нэгд, Мерси Кор олон улсын байгууллагаас Монголын махны экспортыг дэмжих 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд малын өвчнөөс шалтгаалан мах экспортлоход хүндрэл учирч байгаа тул АНУ-ын ХААЯ-ны Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын албатай хамтран монгол малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнийг оношлох, тодруулах чиглэлд хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улсад зөвхөн хоёр хөршдөө төдийгүй бусад олон улс оронд мах экспортлох өргөн нөөц боломж байгааг тэрээр мөн онцоллоо.
Хоёрт, Мянганы сорилтын сангаас Монголд хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэхэд 700 сая ам.долларын өртөг бүхий Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөл ихээхэн хөшүүрэг болох талаар дурдлаа. Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг 350 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжүүлэх зөвшөөрөл олгогдсон байна. Хэдийгээр Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд хөрөнгө оруулахгүй гэж шийдсэн боловч бусад донор байгууллагуудтай хамтран цогцоор шийдэх ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлд мөн анхаарах ажээ.
Элчин сайд саяхан Монголын 120 манлайлагч залуусыг хүлээн авч уулзсан байна. Тэдний дундаас ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрнө гэдэгт итгэж байна гэлээ.
+ There are no comments
Add yours