Т.Аюурсайхан: Оффшор бүсийн жагсаалтад 13 орныг нэмэх ёстой

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй УИХ дахь “Оффшорын эсрэг бүлгэм”-ээс мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оффшорын эсрэг хуулинд 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Хууль батлагдсанаас хойш Засгийн газар бүтэн дөрвөн сарын дараа оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан гэдэг мэдээллийг хийсэн. Гэвч тогтоолыг батлахдаа оффшор бүсийн жагсаалтыг батлаагүй.

2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр тогтоолын хавсралтаар оффшор бүсэд 49 улсыг хамруулсан байна. Хуулийн шаардлага дээр энэ жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагуудаас гаргасан жагсаалт харгалзаж, Монголбанк, Сангийн яамны саналыг авч батлах ёстой. Олон улсын байгууллагуудын хамгийн түрүүнд нэрлэсэн 13 орныг энэ жагсаалтаас хассан байна.

Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр Панамыг оффшор бүс биш гэсэн хууль эрх зүйн нөхцлийг Засгийн газар бий болгожээ. Тиймээс оффшорын эсрэг бүлгээс Ерөнхий сайдад энэ жагсаалтыг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байна.

Шинэчлэхдээ жагсаалтаас хасагдсан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг жагсаалтад нэмэх шаардлагатай. Мөн Сингапур улсыг нэмэх ёстой.Үүнээс гадна жагсаалтыг гаргахдаа тоог нь олон болгох гээд оффшор гэж үзэх үндэслэлгүй 11 улсыг нэмсэн байна. Тийм учраас энэ улсуудыг жагсаалтаас хасах саналыг гаргаж байгаа юм” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оффшорт орох ёстой гол улсуудыг хасчихаад оффшорт байхгүй шахам улсуудыг оруулаад ирсэн байна. Оффшорын мөнгө хөгжилтэй орнуудад зэвсгийн наймаа, хар тамхины мөнгө байдаг. Манайх шиг хөгжиж байгаа орнуудын хувьд байгалийн баялаг, газар шороо, усаа зарсан мөнгө оффшорт байдаг” гэв. Мөн цаашид оффшорын эсрэг асуудалд олон нийтийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм.

+ There are no comments

Add yours