БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уулзалтын эхэнд “Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Ингэхдээ шударга ёсыг дээдэлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Тиймээс та бүхэн хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхдээ эрчимжүүлж, чанаржуулах ёстой. Удахгүй байгаль орчныг хариуцсан бие даасан яам байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэхүү ойгоо та бүхэн амжилтаар угтана гэдэгт итгэлтэй байна. Уул уурхай, бусад салбарын асуудлыг манай салбартай хольж хутган асуудал л гарвал байгаль орчныхон гэдэг хандлагыг өөрчлөх цаг нь болсон. Тиймээс аймгийн мэргэжлийн хяналтын газруудтай хамтарч, байгаль орчны салбарт технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй байна. Үүний тулд та бүхний хүчин чармайлт хэрэгтэй.
Д.Оюунхорол сайдын үед аймгийн Засаг дарга нартай хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм билээ. Оны эцэс гэхэд гэрээний биелэлтийг 100 хувьд хүргэж ажиллах үүрэг та бүхэнд оногдож байгаа. Үүний тулд та бүхэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг дарга нартайгаа нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц ашигласны төлбөрийг зориулалтынх нь дагуу ашигладаг байх ёстой гэдгийг удирдлагууддаа ойлгуулах томоохон үүрэг та бүхний нуруун дээр бий. Өнгөрсөн хугацаанд аймаг бүр харилцан адилгүй ажилласан байгаа нь хэн хэр сэтгэл гаргаж байгаа вэ гэдгийг илэрхийлэл гэж бодож байна. Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан. Тэр ч утгаараа та бүхний зовлонг ойлгож байна. Гэхдээ ажил хийх сэтгэл байгаад зүтгэл гаргаж чадвал болохгүй ажил гэж байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Миний хувьд ажлаа сайн хийж чадаж байгаа хүмүүсийг урамшуулах, ажлаа хийж чадахгүй байгаачуудтай хариуцлага тооцох системээр ажиллана. Аймгийн БОАЖГ-ын дарга нарын олон улсын хүрээнд байгуулсан санамж бичгүүд зарим тохиолдолд асуудал үүсгэж байгаа учир иймэрхүү санамж бичиг байгуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаасаа болон Гадаад харилцааны яам зэрэг мэргэжлийн газраас санал авахыг зөвлөж байна. Нөгөөтэйгүүр, миний бие УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол Улсад аялж буй жуулчдын тоог жилийн 1 сая, орлогыг 1 тэрбум төгрөгт хүргэнэ гэж хэлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ чиглэлийг барьж ажиллах учир үйлчилгээ утгаар нь хөгжүүлж, ирсэн жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах тал дээр анхаарч ажиллана гэдгийг хэлэх байна. Ингээд та бүхэнтэйгээ гар нийлэн ажиллана гэдэгтэй итгэлтэй байна” хэмээлээ. Уулзалтад аймгийн БОАЖГ-ын дарга нараас гадна БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон газар хэлтсийн дарга нар байлцсан юм. Аймгуудын БОАЖГ-ын дарга нар гэрээгээр хүлээсэн үүргээ оны эцэс гэхэд 100 хувийн биелэлттэй хангахын төлөө хичээж ажиллана гэдгээ мэдэгдээд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад ажлын амжилт хүслээ.
+ There are no comments
Add yours