Friday, April 19 2024

Газар чөлөөлөлтөөс болж гацсан замын ажлуудтай танилцжээ

 Улаанбаатар хотод нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт болон гадаад зээл гэсэн дөрвөн эх үүсвэрээр авто зам, замын байгууламжийн 39 төслийг хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд нийслэлийн зарим байршилд хийгдэж буй авто замын ажлын явцтай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр танилцжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийнханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлнэ гэдгийг хэлжээ. Учир нь зарим байршилд хийгдэхээр төлөвлөсөн замын ажил иргэд, оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч зогсоод байсан юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас “Мах импекс”-ийн авто зам хүртэлх замын ажлыг эсэргүүцэн зогсоогоод байсан 61 дүгээр байрны иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж, тус байрнаас 3 метрийн зайтай барихаар тохиролцоонд хүрсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу “Москва” хорооллын араар холбох шинэ замын траст орсон газрыг яаралтай чөлөөлөх үүргийг Газрын албаныханд өгч, траст бага зэрэг өөрчлөлт оруулан ажлыг хугацаанд нь дуусгахаар шийдвэрлэжээ.  Үүнээс гадна Хан-Уул дүүрэг, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто замын барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд “Газрын үр шимт” ХХК-ийн ашиглах зөвшөөрөлтэй газрыг чөлөөлөх асуудлаас 130 метр орчим замын ажил саатаад байгаа юм байна.

Замын ажилтай танилцах үеэрээ нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Газар чөлөөлөлт хийхэд асуудалтай болон иргэд, аж ахуйн нэгжүүдтэй үл ойлголцсон автозамын ажлуудын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг дуусгахыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын ажлын явц 90-ээд хувьтай байна. Эдгээр ажлыг хийхэд иргэдийн зүгээс дэмжин ажиллах нь чухал байна” хэмээн ярьжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: