Friday, April 19 2024

С.Эрдэнэ 25 тэрбум 711 сая төгрөгийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэв

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ. Асуулгад төрийн албанаас халагдсан иргэдэд нөхөн олговор олгохтой холбоотой зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгасантай холбогдуулж тавьжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгагджээ. Үүний дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсны хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус, тус  төсвөөс нөхөн төлөхөөр төсөвт тусгаж оруулж ирсэн байна.

            2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа төрийн албанаас 22235 төрийн албан хаагчдыг ажлаас хууль бусаар халсан, чөлөөлсөн, ажлын байрны хөдөлгөөнд оруулсан талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд танаас Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олгохоор төсөвлөсөн 25 тэрбум 711 сая төгрөгийн  талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэж, асуулга тавилаа” гэжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: