Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоох захирамж Баянгол дүүрэгт хэрэгжиж байгаа. Худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлажээ. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаас тодруулахад “Энэ оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн. Уг хуульд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглосон. Ил задгай худалдаа эрхлэгчдийн ойр орчимд хог хаягдал ихээр овоорч, халдварт өвчин тараах магадлал өндөр байна. Мөн архидан согтуурч байгаа хүмүүс бөөгнөрч гэмт хэрэг гарч байна гэх мэт гомдол иргэд, оршин суугчдаас байнга ирдэг. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг хэрхэн дүгнэж байна вэ гэсэн судалгааг дүүргийнхээ иргэдээс авсан. Иргэд 100 хувь энэ бол буруу гэсэн хариулт өгсөн. Мөн энэ төрлийн үйлчилгээг шаардлагагүй, хангалттай худалдааны төвүүд байгаа гэж үзсэн байсан. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс ийм арга хэмжээ авсан” гэлээ.
Тэрээр суулт зарласан иргэдийн тухайд “Ил задгай худалдаа эрхлэгчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг яриад байна. Гэтэл тэнд оршин суудаг 230 мянган иргэний эрх ашиг гэж бий. Хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах эрхтэй. Нөгөөтэйгүүр Хархорин зах дотор л гэхэд 2000 гаруй түрээслэгч байгаа. Эдгээр хүмүүсийн бизнес уналтад орж эхэлдэг. Мөн 3, 4-р хорооллын төвд байдаг худалдаа, үйлчилгээний газруудад сөргөөр нөлөөлдөг. Хуулийн дагуу зөвшөөрлөө аваад, татвар, түрээсээ төлөөд явж байгаа хүмүүсийг бид дэмжин ажиллана” хэмээв.
Баянгол дүүргийн удирдлагууд ил задгай худалдаа наймаа хийж байгаа иргэдтэй удаа дараагийн уулзалт зохион байгуулж, хуулийн дагуу гарц, гаргалгааг хэлэлцсэн байна. Иргэдэд ажлын байр санал болгоод зогсохгүй хорооллын төв гудамжинд байдаг худалдаа үйлчилгээний төвүүдэд нэг ам.метр нь 20-50 мянган төгрөгийн хооронд хөнгөлөлттэй үнээр лангуу түрээслэх саналыг удаа дараа тавьсан боловч зарим иргэн хүлээж аваагүй байгаа аж.
Г.Намуун
+ There are no comments
Add yours