Saturday, April 20 2024

Д.Амарбаясгалан: Ер нь 60 тэрбумын асуудлыг хэрэгжүүлээд явсан зүйл байхгүй

 Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланаас Бага хурлын талаар тодрууллаа

-Дараагийн Засгийн газарт ажиллах сайдуудын нэрс хэвлэлээр гарч байна. Энэ талаар Бага хурлаар ярилцсан уу?

-Шинэ, хуучин сайд гэх яриа одоогоор гарч эхлээгүй байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах үеэр бусад сайд нарын асуудлыг яриагүй. Дараагийн Засгийн газарт одоо ажиллаж сайдуудаас зарим нь эсвэл бүгдээрээ шинээр томилогдож ч болно. Хэсэг бүлэг хүмүүсийг хоорондоо яриад сайд болгоно гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын эдийн засаг нийгмийн байдал хүнд байна. Хэн нэгнийг дарга сайд болгох гэхээсээ илүүтэй чадвартай чансаатай хүмүүсээ Засгийн газарт орж ажиллуулна.

-60 тэрбумтай холбоотой асуудал юу болсон бэ. Хариуцлагын асуудлыг Бага хурлаар хэлэлцсэн үү?

-60 тэрбум, оффшортой холбоотой асуудал манай намын, парламентын бодлого болоод явж байна. Ах, дүү, хамаатан садан нь оффшор данстай байвал түүнийгээ мэдүүлэх, гурван сарын дотор хаагаад явах талаар хэлж байгаа. 60 тэрбумын талаар хэрэг үүсгэх боломжгүй гэдгийг нийслэлийн Прокурорын байгууллагаас гаргасан байсныг би хэвлэлээс уншсан. Ер нь 60 тэрбумын асуудлыг хэрэгжүүлээд явсан зүйл байхгүй.

-Засгийн газар хэр тогтвортой ажиллах бол. Танай намынхан энэ талаар ярилцсан уу. Мөн шинэ Засгийн газар дэд сайдуудтай байх уу?

-Дэд сайдуудтай байх уу үгүй юу гэдгийг намын Удирдах зөвлөлөөр ярилцаж шийднэ. Ард түмэнд таалагдахгүй байгаа зүйлийг хэн нэгнийг дарга болгохын төлөө бид явахгүй. Засгийн газрыг илүү тогтвортой байлгахын төлөө бид ажиллана гэдгийг намын дарга Бага хурал дээр хэлсэн. Гэхдээ тогтвортой байдал гэдгээр халхавчилж хувь хүний алдааг дараад сууж болохгүй. Хариуцлага, ёсзүй алдаад байгаа эрхмүүдтэй бид цаг тухайд нь хариуцлага яриад явна.

 

-Ерөнхий сайд, намын дарга байх дүрмээ дагах уу. Дараагийн намын дарга хэн байх вэ?

-Арваннэгдүгээр сард болох намын Их хурал дээр намын даргын асуудал хөндөгдөнө. Намын дүрмийг намын Их хурал бүрээр авч хэлэлцдэг. Бид намын дүрмийн асуудлыг амьдралд нийцэж байгаа эсэхийг авч хэлэлцэнэ. Үүний дараа намын дарга Ерөнхий сайд байх уу үгүй юу гэдгийг хэлэлцэнэ. Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байна. Ерөнхий сайдыг аравдугаар сарын 7-ны дотор УИХ томилно.

 

-Багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч хэрхэн шийдэхээр та бүхэнд танилцуулав. Цаашлаад он гараад төлөх бондуудын төлбөрийг хэрхэн хийхээр төлөвлөсөн байсан бэ?

Багш, эмч төрийн албан хаагчдын нэмэгдлийн асуудлыг 2018 оны төсөвтэй уялдуулан нэмэх ёстой гэж ярьж байгаа. Энэ бол хэн нэг хувь хүний бодлого гэхээсээ илүүтэй МАН-ын бодлого. Эцсийн шийд одоохондоо гараагүй байна. Бондуудын төлбөрийг төлөх аргачлал танилцуулсан. Сангийн яамныхан 2-3 хувилбар гаргаад байгаа юм билээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: