Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ‘Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” дөрөв дэх удаагийн сургалтыг 2017 оны есдүгээр сарын 22, 23-нд зохион байгууллаа. Сургалтанд өдөр тутмын 8 сонин, 11 телевиз, 18 сайтын сэтгүүлч, нийслэл дэх анхан шатны шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд зэрэг 40 хүн оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн эрдэмтэн багш нар, шүүгчдийн төлөөлөл хичээл заадаг энэхүү сургалтанд өдгөө 200 орчим сэтгүүлчдийг хамруулаад байгаа юм.
Сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн сэтгэгдлээс хүргэе.
‘Murch.mn” сайтын эрхлэгч Х.Ган-Ялалт: Сэтгүүлчдийг алдахаас сэргийлэхэд туслаасай
-‘Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад анх удаа оролцлоо. Сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд ач холбогдолтой сургалт болдгийг хоёр өдөр сургалтад оролцоод мэдэрлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд, шүүгчид, прокурорууд сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хичээл зааж байгаа нь чухал юм. Дараа, дараагийн сургалтад сэтгүүлчдийн гаргадаг алдаан дээр түлхүү анхаарч хичээлээ заагаасай гэж хүсч байна. Учир нь энэ сургалтад шинэ залуу сэтгүүлчид бас хамрагдаж байна. Жишээлбэл, хичээл дээр ‘Эрдэнэ-Очирын хэрэг”-ийн талаар асуухад мэдэхгүй сэтгүүлч олон байлаа. Хуулийн салбарынхан, хууль эрх зүйн салбараар дагнан бичдэг сэтгүүлчдийн хувьд алдартай кэйсийг зарим сэтгүүлч мэдэхгүй байгаа нь мэргэжилдээ ‘шинэ” байгааг илэрхийлж байна. Тиймээс сэтгүүлчид нийтлэлээ бичихэд юун дээр илүү анхаарах вэ, яагаад алдаа гаргадаг вэ гэдэгт багш нар маань илүүтэй анхаарч хичээлээ заавал илүү үр дүнтэй болно. Сэтгүүлч зарим тохиолдолд алдаа гаргаж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Гэтэл үзэгнийх нь үзүүрт хүний хувь заяа шийдэгдэж байдаг. Тиймээс сэтгүүлчдийг алдахаас сэргийлэхэд багш нар маань туслаасай.
МҮОНРТ-ийн ‘ММ агентлаг”-ийн сэтгүүлч О.Намчин: Сэтгүүлчдийн хариуцлага, бүтээмж нэмэгдэнэ
-Сэтгүүлчид эрэн сурвалжлах чиглэлээр бичих сонирхолтой, сэтгүүл зүй энэ чиглэлд түлхүү анхаардаг болсон. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшихэд хуулийн үзэл баримтлалыг судлах зайлшгүй шаардлагатай. Ийм хэрэгцээнд тулгуурлаж Шүүхийн ерөнхий зөвлөл сэтгүүлчдийг мэргэшүүлж байгаа нь дөрөв дэх засаглалд оруулж буй том хөрөнгө оруулалт. Сургалтаа жил бүр уламжлал болгож, сэтгүүлчдэд өгсөн мэдлэгээ бататгаж байгаа нь чухал ач холбогдолтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэхүү сургалтаараа сэтгүүлчдэд салбартаа үр нөлөө, бүтээмж, хариуцлагатай ажиллахад дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн. Яах аргагүй хууль зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр мэргэшсэнээр сэтгүүлчдийн хариуцлага, бүтээмж нэмэгдэнэ.
‘Монголын мэдээ” сонины сэтгүүлч Г.Ганчимэг: Сэтгүүлч мэргэшихэд хуулийн мэдлэг шаардлагатай
-Би эдийн засгийн мэдээ, мэдээллээр мэргэшсэн сэтгүүлч. Эдийн засаг бол хэрэглээ арилжаа, бизнесийн сурталчилгаа төдий зүйл биш. Энэ төрлийн мэдээ мэдээлэл бэлтгэхэд хууль, эрх зүйн талын мэдлэг зайлшгүй шаардлагатай. Ер нь хууль хэрэглэдэггүй салбар гэж үгүй. Тиймээс ямар ч салбараар мэргэшихэд хуулийн мэдлэгтэй байх шаардлагатай. Энэ удаагийн сургалтаар шинээр батлагдсан хуулиудын талаар, шүүх, шүүгчийн хараат бус байдлын талаар мэдээлэл авсандаа олзуурхаж байна. Сэтгүүлчдэд оюуны том хөрөнгө оруулалт хийсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, эрдэмтэн багш нартаа баярлалаа.
+ There are no comments
Add yours