НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр болон Ажлын албатай уулзлаа.
НҮБ-ын тусгай илтгэгч Монгол Улсад ажиллаж байгаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс талархан хүлээж авч байгааг ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр илэрхийлээд айлчлалыг үр бүтээлтэй байлгахад дэмжлэг үзүүлэх үүднээс тусалж дэмжих, хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлэв. Түүнчлэн “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос уул уурхай, байгаль орчны чиглэлээр сүүлийн 5-6 жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, уул уурхайгаас үүдэлтэйгээр хүрээлэн буй орчны бохирдол, хөрс, ус, бэлчээр, байгалийн тэнцвэр алдагдаж, хомсдолд орж байгаа, иргэдийн шилжин суурьшилт, хөдөлмөрлөх эрхийн талаар олон асуудал, зөрчил байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран ажиллаж байна” гэв.
НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс: “Хүний эрхийн тусгай илтгэгчид улс оронд очихдоо хүний эрхийн үндэсний байгууллагуудтай уулзаж, мэдээлэл авч ажилладаг. Ихэвчлэн байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр яаж ажиллах вэ гэж асуудаг бол танай байгууллага ажилласан туршлагаасаа ярьж байгаа нь сайшаалтай юм. Танай 2012 онд зохион байгуулсан уул уурхайн олон улсын хурлаас гаргасан зөвлөмжүүдээс харахад биелэгдээгүй тал харагдаж байна.
Миний бие танай улсад ажиллах хугацаандаа аль болох олон талт байгууллагуудтай уулзаж, их мэдээлэл цуглуулж байгаад 2018 оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүрээлэн буй орчин, хүний эрхийн асуудлаар тусгай илтгэл хүргүүлнэ. Үүнд та бүхэн мэдээлэл өгөх үүднээс аль болох их баримт, мэдээлэл өгөхийг хүсье. Монгол улсад байгаль орчин, хүрээлэн буй орчноос үүдэлтэй хүний эрхийн асуудалд ахиц гаргахын төлөө ажиллана” хэмээгээд хамтран ажиллахаа илэрхийллээ.
+ There are no comments
Add yours