НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн сайд Линас Линкевичиус, Румын Улсын Гадаад хэргийн сайд Теодор Мелешкану, Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабер нартай тус тус уулзав.
Мөн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай” болон “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Румын Улсын Гадаад хэргийн сайд Теодор Мелешканутай хийсэн уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийг төрөлжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлах, мал эмнэлгийн үйлчилгээний салбарт мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабертай хийсэн уулзалтын үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабер цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх талаар хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Ялангуяа хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
+ There are no comments
Add yours