Турк улс 300 сая америк долларын хөнгөлттэй зээл санал болголоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг тэмдэглээд, хамтран ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь харилцаа олон талтай, үр ашигтай байх гол хөшүүрэг  гэдгийг онцоллоо.

Элчин сайд А.Язал Туркт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас болоод сүүлийн 2 жилд өндөр, дээд хэмжээний айлчлал хийгдсэнгүй. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ч боломж нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс улс төрийн харилцааг идэвхжүүлэх, Туркийн хөрөнгө оруулагчдыг урьж ирүүлж, Монголын бизнесийн орчинтой танилцуулах талаар Элчин сайдын зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэлээ.

Энэ үеэр Туркийн Засгийн газраас амласан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Монгол дахь турк сургуулиуд, тэнд суралцагчдын асуудал, “Туркиш Эйрлайнз” компанийн нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зэрэг асуудал хөндөгдөв.

Элчин сайд А.Язал Монголын талаас Засгийн газрын баталгаа гаргах нь чухал байгаа юм. Ийм баталгаа гаргасан тохиолдолд зээлийн хугацаа, хүү зэрэг асуудлыг тохиролцох боломжтой гэв.

Турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх, сурагчид, эцэг эхчүүдийн эрх ашгийг эн тэргүүнд бодолцож, тэднийг хохироохгүй байхад онцгой анхаарах нь чухал байна гэсэн УИХ-ын дарга М.Энхболдын байр суурийг дэмжиж байгаагаа Элчин сайд А.Язал илэрхийллээ.

Д.Думаа

 

+ There are no comments

Add yours