Хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулна.

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаануудыг өнөөдөр “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Өнөөдрийн салбар хуралдаанд сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, шүүс, савласан ус, тос үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцов.

Салбар хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн эхэнд анхаарал хандуулж буй гол асуудал нь хүнсний аюулгүй байдал болохыг дурдаад монголчуудын хэрэгцээнд нэн чухал байр суурь эзэлдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг оролцуулан салбар хуралдаанууд зохион байгуулж буйг тэмдэглэв. Тэрээр салбар хуралдааныг удирдан явууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд салбар хуралдааныг нээж оролцогчдод амжилт хүссэн юм.

Салбар хуралдаанаар “Төрөөс сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэлийн чиглэлээр баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Ундаа, ус, шүүс үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” , “Ургамлын тос үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонсч, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сүүний эрүүл ахуй, стандартын асуудал оролцогчдын анхаарлыг ихэд татаж байсан юм. Хэдийгээр хэдэн жилийн өмнөөс Улаанбаатарт түүхий сүү оруулахгүй гэсэн журам гарч байсан ч хэрэгжээгүй.

Сүүний үйлдвэрүүдэд шинжилгээ хийхэд антибиотик, вакцин илэрч гологдсон сүүг задгайгаар худалдах байдал нэлээд илэрч буйг сүү үйлдвэрлэгчид хэлж байлаа. Хариуцлага тооцох, хяналт тавих ажил сул байдгаас фермерүүд, малчид, ченжүүд ийнхүү үйлдвэрийн стандартад тохирохгүй сүүг задгайгаар борлуулах хандлага байдгийг тэд шүүмжилсэн юм.

Вакцины найрлагатай сүүг хэрэглэснээр бага насны хүүхдийн бие организмд дадал үүсч, вакцинд дасамтгай болдог. Мөн задгай сүү, сүүн бүтээгдэхүүнийг хавдар үүсгэдэг цэнхэр, эмульсны цагаан саванд савлан тээвэрлэж борлуулдаг нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг оролцогчид хэлж байлаа. Иймээс задгай сүүг тээвэрлэн ирж борлуулдаг тодорхой 3-4 цэгт хяналт тавих хэрэгтэй гэж байв.

Мөн задгай түүхий сүү бруцеллёз өвчний эх үүсвэр болох эрсдэлтэйг хэлж байсан юм.

Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөтгөж “Монгол хуурай сүү”, “Ээдэмцэр” гэсэн төслүүд хэрэгжүүлэн хөдөө аймгуудад үйлдвэрүүдээ барьж байгуулж байгааг хэлэлцүүлгийг үеэр танилцуулж байлаа. Сүүний үйлдвэрүүдийг орон нутагт байгуулж, ашиглагдахгүй байгаа сүүний арвин нөөцийг орчин үеийн аргаар боловсруулан иргэдэд хүргэх нь нэн тэргүүний зорилт болохыг оролцогчид онцолж байв.

Одоогийн байдлаар 60 хувийг нь ОХУ-аас оруулж байгаа зайрмагийг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломж байгааг ч тэд хэллээ. Хэдийгээр импортын зайрмагийн татварыг 15 хувь нэмэгдүүлсэн ч үнэ нь нэмэгдэхгүй байгаа нь гаалийн мэдүүлэг буруу, хяналт байдаггүйтэй холбоотой. Гаднаас оруулж ирж байгаа зайрмагийн найрлагад эрүүл ахуйн шаардлага хангаагүй нэмэлт бодис орсон байдаг гэдгийг оролцогчид сануулж байсан юм.

Сүүлийн үед хүүхдийн яс хэврэгших болсон нь сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага байгаатай холбоотой. Үүнээс сэргийлэхийн тулд цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнс, сурагчдын үдийн цайнд сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх шаардлага тулгамдаж буйг энэ үеэр дурдацгаав.

Мөн ургамлын хуурай сүүг шингэн сүүтэй адилтган нийтийн хоол, зоогийн газруудад ихээр хэрэглэж, тараг бүрж байгаа нь ургамлын харшил үүсгэх нэг шалтгаан болж байгаа ажээ. Тиймээс ургамлын сүүний импортыг квоттой болгох хэрэгтэй гэв.

Монголд өнөөдөр ганцхан үйлдвэр “Алтан тос” гэсэн ургамлын тос үйлдвэрлэж байна. Үүнийг өргөтгөх боломжтойг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Гаднаас оруулж ирдэг ургамлын тосны тал хувийг наранцэцгийн тос эзэлдэг. Оливын, самрын, наргилын гэх зэрэг тоснууд байдаг ч найрлагын 70 хувийг үндсэн бүтээгдэхүүн, 30 хувийг чанар муутай тос эзэлдгээс үнэ хямд байдаг гэлээ.

Монголчууд эрүүл мэнддээ анхаардаг болж, өөхөн тосны хэрэглээ хумигдан ургамлын тос ашигладаг болсон нь дэвшилттэй ч тосоо ширгэтэл нь ашигладаг. Сургуулийн сурагчид, оюутнууд ихэвчлэн гаднаас хуушуур авч иддэг. Ширгэсэн тосонд хайрсан хуушуур элэгний өвчний нэг эх үүсвэр болж буйг хэлэлцүүлгийн үед оролцогчид анхаарууллаа.

Монголын хүн амд хүүхэд, залуусын эзлэх хувь өндөр, мөн аялал жуулчлал өсч байгаатай холбоотойгоор савласан ус, ундаа, шүүсний хэрэглээ тасралтгүй өсч байгаа нь сайн талтай. Гэвч эдгээрийг үйлдвэрлэж байгаа орчин нөхцөл, ундаа, шүүсний түүхий эдэд хяналт хэрэгтэйг хэлэлцүүлгийн үеэр ярьцгаалаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд хэрэглэгчдийн боловсролд анхаарах цаг болсныг оролцогчид санал нэгтэй дэмжлээ. Хэрэглэгчид гэдсээ цатгах гэж биш, эрүүл мэнддээ анхаарч хүнсний хэрэглээгээ хангах хэрэгтэй.

Үйлдвэрлэл эрхлэгчид ч үүнд анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний чанарт малын тэжээлээс эхлэн анхаарах ёстой гэв.

Спиртийн үйлдвэрийн шаар идсэн үнээний сүү хүчиллэг, амархан гашлах магадлалтай байдаг. Тэгвэл ургамлын тосны үйлдвэрээс гарч буй шахдасаар хүчит тэжээл үйлдвэрлэх нь ашигтай. Эндээс сүүний болон тосны үйлдвэр хоршин ажиллаж болно. Мөн тариаланчид хар уринш хийж шим тэжээлт хөрсөө салхинд хийсгэдгээ зогсоож, хөрс сайжруулдаг малын тэжээл, буурцагт ургамал тарьж хөрсөө амрааж болно гэсэн саналууд гарлаа.

Монголд фермерийн аж ахуй дэлхийн жишгээс 100 жилээр хоцрогдсон, химийн гаралтай бордоогоор ургамал борддогоос хүн, мал адилхан хорддог. Сүү, сүүн бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой бус, хяналт сул зэрэг тулгамдсан асуудал олон байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдлаа.

+ There are no comments

Add yours