Цагаан хадыг хааснаар асуудал шийдэгдэхгүй

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад”  гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэрийг  эсэргүүцэж “Цагаан хад хөгжлийн гарц” төрийн бус байгууллага /ТББ/-аас өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Гаалийн ерөнхий газраас “Цагаан хад”-д гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан есөн хувийн компани, орон нутгийн “Тавантолгой” компани, тухайн хяналтын бүсийг хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж, нүүрсний тээврийн компаниудын  төлөөлөл  нэгдэж, энэхүү  төрийн бус байгууллагыг байгуулжээ.

“Цагаан хад” гаалийн  хяналтын бүсийг нүүрс олборлодог, тээвэрлэдэг хувийн компаниуд нэгдэж,  2006 онд  Гашуун сухайт боомтоор гарах Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод зориулж  байгуулж байжээ. Гэтэл Засгийн газар урьдчилан мэдэгдэлгүй, орон нутгийн иргэд компани аж ахуйн нэгжийн саналыг сонсолгүйгээр үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах шийдвэр гаргасан гэж “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ үзэж, эсэргүүцэв.  Тэд “Засгийн газар, захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа бүхий байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох,  түүнээс үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг тооцоолон шийдвэрээ гаргах ёстой. Гэвч Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газар илт хууль бус үндэслэл тооцоололгүй шийдвэр гаргалаа. Одоо 90 км үргэлжлэх нүүрсний тээвэрлэлтэд үүссэн урт дарааллыг Цагаан хадыг хааснаар шийдэхгүй. Харин эсрэгээрээ хилийн боомт дээр ачааллыг төвлөрүүлж, тэнд гардаг гэмт хэрэг, авто тээврийн осол аваарыг нэмэгдүүлэх магадлалтай” гэлээ.  Тээвэрлэлт, жолооч нарын эрх ашгаас гадна нүүрсний экспорт удаашрах эрсдэлтэй  гэж тэд үзэж байна.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours