Ургацын 50 хувийг алдаж болзошгүй байна

Энэ жил нийт нутгийн 34 хувь гантай, хур багатай байснаас ургац хураалт тааруу байгаа юм. Монгол Улсын нийт ургацын дийлэнхийг Сэлэнгэ, Төв, Булган зэрэг гурван аймаг бүрдүүлдэг. Энэ жилийн хувьд үр тариа, улаан буудайн ургацын хэмжээ өмнөх жилүүдээс буурсан. Гэхдээ ОХУ-аас хямд үнээр улаанбуудай нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Засгийн газраас 400 тонн буудай ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр авах төсвийг шийдвэрлэсэн байгаа гэнэ. Энэ зун нийт нутгаар гандуу байснаас үр тариа, улаан буудайн ургацын хэмжээн буурч, ургац хураалт тодорхой хугацаанд хойшлох төлөвтэй байгаа аж. Харин төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац төлөвлөснөөс 20 орчим хувиар багасах урьдчилсан тооцоог гарчээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн баасан гаригт аймгуудын Засаг дарга нарын зөвлөгөөнд “Хэдийгээр гантай жил болсон ч бид өөрсдийн нөөц бололцоог ашиглана. Энэ жил 170 мянган тонн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ. Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангах төлөвлөгөөтэй ажиллана” гэжээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours