Дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй

Энэ жил нийслэлийн хэмжээнд 241 сургуульд 250 орчим мянган хүүхэд суралцана. Хичээлийн шинэ жил эхлэхэд 10 гаруй хоног үлдсэн бөгөөд эдгээр өдрүүдэд хичээлийн хэрэглэл, сурагчийн дүрэмт хувцасны эрэлт нэмэгддэг.

Үндэсний хэмжээнд “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Бат зүү”, “Өүлэн менч” зэрэг компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна.  Дүрэмт хувцасны үнийн хувьд өмнөх жилүүдээс өөрчлөгдөөгүй ч материал, хийц чанаржсан хэмээн үйлдвэрлэгчид онцолж байв.

“Бат зүү” ХХК-ийн бага, дунд, ахлах ангийн дүрэмт хувцасны иж бүрдэл хамгийн хямд буюу 39-59 мянган төгрөгийн хооронд, харин нэмэлт иж бүрдэл буюу срочкон цамц, зангиа 2500-13 000 төгрөгийн үнэтэй байна. Тус компанийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг “Дүнжингарав”, “Хархорин”,”Бөмбөгөр” худалдааны төвөөс гадна Эрдэнэт, Дархан хотоос  худалдан авах боломжтой юм.

Харин “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Өүлэн менч” компанийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцасыг  “Шилмэл загварын ордон”, MAXMALL, Дүнжингарав, Баялаг-Ундраа, Нарантуул, Алтжин бөмбөгөр худалдааны төвүүдээс худалдан авах боломжтой. Үнийн хувьд эдгээр компанийн дүрэмт хувцас 41- 99  мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй бөгөөд нэмэлт иж бүрдэл 2500- 20 000 төгрөг байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours