Монгол Улсаас Турк улсад суугаа элчин сайд “Анадолу” агентлагт зочлов

 Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Равдангийн Болд өчигдөр буюу пүрэв гарагт Туркийн нийслэл Анкара хотод байдаг  “Анадолу” мэдээллийн агентлагт зочиллоо.

Элчин сайд Р.Болдыг тус агентлагийн ерөнхий редактор бөгөөд орлогч захирал Метин Мутаноглу, гадаад хэлний албад хариуцсан ерөнхий редактор Мехмет Оттурк нар хүлээн авч уулзаж, агентлагийнхаа үйл ажиллагааг танилцуулав.

Агентлагийнхаа үйл ажилагааг танилцуулах үеэрээ орлогч захирал М.Мутаноглу гэрэл зургийн студийнхээ бүтээлийг иш татжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт АНУ-ын Виржини муж улсын Чарлоттесвилл хотод болсон цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд болсон мөргөлдөөнийг харуулсан гэрэл зургуудийг Элчин сайд Р.Болдод үзэж сонирхуулахын сацуу “Aнадолу” агентлагийн гэрэл зургуудыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр ашигладаг болохыг хэлэв.

Элчин сайд Р.Болд “Анадолу” агентлагийн Бээжин дэх салбарын сурвалжлагчдад Монголд ирж сурвалжилга хийх санал тавьсан байна.

“Монголчууд Туркийн түүхээр бахархдаг. Бидний хувьд Турк бол Азийн улс. Харин Туркийн ард түмэн Монголын тухай тийм ч сайн мэдэхгүй байна. Тиймээс бид хоёр орны ард түмэн хоорондын харилцааг илүү ойртуулж, бэхжүүлэх хүсэлтэй байна” гэж Элчин сайд хэлэв.

Мөн тэрбээр “Турк болон Монгол нь үндэс нэгтэй бөгөөд газар зүйн байршлын хувьд адил. Бид хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр өнөөгийн орчин цагийн Монголын талаарх туркчуудын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх боломжтой” гэж цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн хоёр улс хоорондын улс төрийн харилцаа сайн байгаа хэдий ч эдийн засгийн харилцаа тааруу байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Үүний хариуд “Анадолу” агентлагийн орлогч захирал М.Мутаноглу хэлэхдээ “Бид Монголын талаар цаашид илүү олон мэдээ мэдээлэл гаргах болно. Ингэснээр Туркийн хөрөнгө оруулагчдыг Монгол руу татаж, хоёр орны бизнесийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэлээ.

Турк болон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2019 онд тохионо гэж М. Мутаноглу хэлээд “Энэ ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг удахгүй хийж эхэлнэ” гэв.

Д.Думаа

+ There are no comments

Add yours