Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мөн өмнөх Засгийн газрын үед Тендерийн хуульд өөрчлөлт орж 10.1 заалтаар “Чанар стандартын шаардлага хангасан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг төсвийн худалдан авалтаар авна” гэж зааж өгчээ.
Цахим тендерийн зохион байгуулагчид шударга явагддаг уу, яагаад үндэсний үйлдвэрлэгчид ялахгүй байгаа талаар судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдийг мэргэшсэн сургалтад хамруулж, тендерийн ажлын хэсэгт ажлуулсан аж.
Уг ажлын хэсэгт орж ажилласан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн Д.Энхцэцэг “Би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан цахим тендерт ажилласан. Энэ тендерийн захиалагч нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам байсан. Хөдөөгийн малчдын хүүхдүүдийг боловсролд хамруулах гэр цэцэрлэгийг байгуулах 50 ширхэг гэр цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гэр худалдан авах 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлагдсан. Энэ тендерт салбар яамны Хөрөнгө оруулалт газрын дарга Отгонбаяр, мэргэжилтэн Амартүвшин, төрийн бус байгууллагаас хоёр, худалдан авах ажиллагаанаас хоёр, ажлын хэсгийн дарга гэсэн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй тендерийн комисс хуралдсан. Салбар яамны Хөрөнгө оруулалт газрын дарга Отгонбаяр удаа дараа оролцоогүй. Тендер дүгнэх хурлаа хийх үеэр компьютер гацаад ажиллахгүй, мэргэжилтнүүд нь ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд хурал хүчингүй болж, дахин хурлыг зарлахгүйгээр тендерт оролцсон нэг нэг компаниудыг шалгаруулсан. Өнөөдөр хуулийн дагуу шалгаруулж, үнэлгээгээ хийхгүй байна. Ингэж л бидний татварын мөнгийг яамдын эрх мэдэлтнүүд ямар ч тендергүйгээр авч байна” гэлээ.
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлд нийт 40 гаруй холбоо болон 200 гаруй дотоодын үйлдвэрлэгч компани нэгдсэн байдаг ажээ.
Д.Думаа
+ There are no comments
Add yours